Монголын Залуучуудын Холбоо хоёр улсын залуучуудын хооронд ямар үйл ажиллагаа зохион байгуулж, хамтран ажиллаж болох талаар харилцан санал солилцох зорилгоор Монгол улсад суугаа улс орнуудын элчин сайдын яамдуудтай уулзалт хийж байгаа юм байна. Энэ ажлын хүрээнд МЗХ Германы ЭСЯ-нд санал тавиж, МЗХ-ны гадаад харилцааны хэлтсийн удирдлагууд Монгол дах Германы ЭСЯ-ны соёлын төлөөлөгч Самми Дюстийкертэй уулзсан байна. Тус уулзалтаар МЗХ-ноос ХБНГУ-ын ЭСЯ-аас дэмжлэг хүсэж хамтран ажиллах тухайлбал Залуучуудын соёлын солилцооны хөтөлбөр хэрэгжүүлдэг Urban Nomads байгууллагатай хамтран төсөл хэрэгжүүлэх, МЗХ-ноос зохион байгуулах олон улсын хөтөлбөрт Германы залуучуудын төлөөллийг оролцуулах, МЗХ болон Германы Залуучуудын Холбооны хооронд харилцан албан ёсны айлчлал хийх талаар санал солилцжээ.
Уулзалтын үеэр хоёр тал харилцан санал солилцсоны эцэст Монгол дах Германы ЭСЯ-аар дамжуулан албан хүсэлтүүдийг холбогдох байгууллагуудад хүргүүлэх, мөн Германы ЭСЯ-наас хэрэгжүүлдэг ядуу өрхийн амьжиргааг дээшлүүлэх зорилготой бичил төслийн хүрээнд Монголын залуучуудын дундаас амьжиргааны өртөг доогуур залуу гэр бүлүүдийг дэмжих, амьдралыг нь дээшлүүлэх зорилгоор төсөл хэрэгжүүлж хамтран ажиллахаар болсон байна. Дашрамд дурдахад Монголд GIZ буюу Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг, Ханс Зайделийн сан, Фридрих Эбертийн сан, Конрад Аденауерын сан, CIM буюу Олон улсын хөгжил, хөдөлгөөний төв, Сэргээн босголтын зээлийн банк, SES буюу Ахмад мэргэжилтний алба гэх мэт ХБНГУ-ын 10 гаруй байгууллага 1994 оноос хойш идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг аж.

Сэтгэгдэл ( 0 )