Монголын эстрад урлагийн анхдагчдын нэг цээл хоолойт дуучин Баяраа агсны хүү Хонгор аавынхаа тэрхүү сайхан хоолойг өвлөн урлагт хөл тавьсан цаг саяхан мэт. Хүүхэд ахуй цагаасаа эхлэн аавынхаа дуулж амилуулсан сайхан дуунуудыг эгшиглүүлж явсан дуучин залуу “Төсөөлөл мөрөөдөл” нэртэй цомог гаргаж, бие даасан тоглолтоо хүртэл хийж байсан удаатай. Харин сүүлийн үед хувийн амьдралдаа ихээхэн анхаарал хандуулж, хэсэг хугацаанд уран бүтээлээ завсарлаад байсан юм.
“MCS” группийн харьяа "Sky resort" цанын баазын захирал н.Батсуурийн охин Б.Анарыг гэргийгээ болгож, үрийн зулай үнэрлэсэн дуучин Б.Хонгор саяхнаас уран бүтээлдээ эргэн оржээ. Тэрбээр шинэхэн дууныхаа үг, аяыг нь өөрөө зохиосон бөгөөд хайрт гэргийдээ зориулан бэлэг барьж буйгаа дуулгалаа.
Дуучин залуу эхнэртээ зориулсан дуугаа “Баярлалаа” хэмээн нэрийдсэн төдийгүй "Чин сэтгэлийнхээ үгсийг аялгуу эгшгээр чимэглэн ханьдаа зориулан бичсэн “Баярлалаа” дууны минь клип бэлэн боллоо. Энэ дуу зөвхөн миний төдийгүй Монголын мянга, мянган хосуудын баярласан сэтгэлийн илэрхийлэл болон олон жил эгшиглээсэй хэмээн дууч би хүсэх байна" хэмээн сэтгэлийн үгээ дэлгэжээ.

Сэтгэгдэл ( 0 )