“Тусгай салаа”, “Ялагдашгүй” зэрэг олон ангит кинонд эсрэг талын дүр бүтээж, үзэгчдээс чамлахааргүй магтаал сонссон фото модель, мисс Э.Амаржаргал сүүлийн үед “сураг алдрах” шахсан. Олон улсын чанартай миссийн тэмцээнүүдэд оролцохын сацуу амарч зугаалаад ирсэн тэрбээр хамгийн сүүлд гавьяат жүжигчин, дуучин С.Жавхлангийн “Дангина” дууны клипэнд тогложээ.
Анх телевизийн олон ангит “Тусгай салаа” кинонд тоглочихоод үеийн залуустаа чулуугаар шидүүлэн “Сүлдээ чамайг тоохгүй ээ, аймшгийн хүүхэн” гэх мэт үгс сонсч явсан мисс бүсгүй энэ удаа эерэг дүрд хувирчээ. Анужин, Аслис зэрэг урьд өмнө нь бүтээж байсан дүрүүдээсээ болоод багагүй “хэлмэгдсэн” Э.Амаржаргал уг клипэнд буриад басганаар мөнхөрч үлджээ.
Хэнтий аймгийн Дадал суманд клипний зураг авалтаар очихдоо нэлээдгүй зүйлийг сурч мэдсэн гэх тэрбээр “Намайг ширүүн харцтай болохоор хүмүүс муухай ааштай гэж боддог байх. Бас дандаа эсрэг талын дүр бүтээж байсан учраас тиймэрхүү ойлголт төрүүлсэн байж болох. Гэхдээ би тийм хүн биш. Эсрэг талынх ч гэлээ, би бүтээсэн дүрүүддээ хайртай” хэмээн ярьсан бөгөөд буриад үндэстний соёл уламжлал, өмсгөл зүүсгэлийг хараад үнэхээр биширсэн гэнэ лээ.

Сэтгэгдэл ( 1 )
Сайхан л охин байна ш дээ.