Загварын ертөнцөд дизайнер Ариунаа Сүри хэмээх нэр хэдийнээ танил болсон. ХБНГУ-д мэргэжил эзэмшин, амжилттай ажиллаж байсан өсөх ирээдүйтэй загвар зохион бүтээгч Ариунаа Сүри Токиод болсон “Mercedes Benz Fashion Week Tokyo”-д өөрийн бүтээлээрээ оролцож, эх орныхоо нэрийг гаргаад ирсэн удаатай. Тэгвэл тэрбээр энэ удаад эх орондоо “SS2014 Fashion Week” анхны загварын шоугаа энэ сарын 13-нд Үндэсний соёл амралтын хүрээлэнд тэслэхэд бэлэн болжээ.
Ариунаа Сүри Монгол дахь загварын шоугаа Италийн “GR event and communications” агентлагтай хамтран зохион байгуулахаар болжээ. Италийн “GR event and communications” агентлаг нь 2000-2009 оны Миланы загварын шоу, 2006 оны хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нээлт, 2008 оны Дэлхийн миссийн тэмцээнийг тус тус зохион байгуулж байсан туршлагатай аж.
“SS2014 Fashion Week” загварын шоунд Монголын болон гадаадын топ загвар өмсөгчид, дэлхийд бөмбөрийн тоглолтоороо хэдийнэ нэр алдрын оргилд хүрсэн “Drumatical theatre” хамтлаг мөн “Парисын Мулен Руж”-ийг дуулж байсан Африк, Испани гаралтай нэрт дуучин Кэлли Жойс болон Монголын хамтлаг, дуучид оролцох юм байна.

Сэтгэгдэл ( 0 )