...Маргааш бүхэн өнөөдрөөс сайхан
Мартахын аргагүй залуу нас сайхан...
Энэ хоёр мөрийг санаандгүй олж уншлаа. Зохиогч нь хэн болохыг мэдэхгүй юм. Сэтгэлд нэг л дотно дулаан... Өчигдөр буюу долдугаар сарын 1-нд залуу нас, эрч хүчээр бялхсан 1324 залуу нэгдэж эрдэм мэдлэг түгээх их аянд мордлоо. Халуун салхитай бүгчим өдөр байсан ч эх нутгийн зүг жолоо залахаар цугларсан залуус хоорондоо танилцаж дуутай шуутайхан нэг өдрийг өнгөрөөлөө. Олон залуус бужигнах ямар сайхан юм бэ... Өөрийн эрхгүй дуу алдмаар, дуулмаар, хөөрөн гүймээр. Эдгээр оюутан залуус “Ажилтай, орлоготой Монгол залуу” хөтөлбөрийн “Сумын залуус” төсөлд хамрагдаж, цагийн ажил хийж, эх орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцох, сургалт зохион байгуулах, зорилгоор дөрвөн гишүүнтэй баг илгээж байгаа аж. Хөтөлбөрт хамрагдаж буй залуусыг “Дөрвөн бэрх” нэрийн дор өчигдөр үнэмлэх, туг, ажиллах удирдамж, дэмжигч байгууллагуудын бэлэг дурсгалын зүйлсийг албан ёсоор гардуулж өглөө. Хоёр сарын хугацаатай үргэлжлэх уг төслийн эцэст идэвхи санаачилга, зохион байгуулалтаар бусдыгаа хошуучилсан нэг баг Солонгос орноор аялах юм. Уг төслийн нээлтийн үеэр салбар салбарын мэргэжлээр суралцаж буй шижигнэсэн залуус “Хамтарч ажиллах боломж байгаа юу. Бидэнтэй нэгдээрэй”, “Ажил мэргэжлээрээ бус залуу хүнийхээ хувьд нийгэмд ямар их зүйлийг хийхсэн гэдгээ ярьж, хамтдаа олон зүйлийг хийнэ ээ. Зүгээр нэг яриад өнгөрөх биш ажил хэрэг болгож чаднаа. Мөнгө төгрөг, боломж бололцоо гэсэн үгнээс урьтаж залуу насны ааг омог, эрч хүчээр амжуулж чадна гэдэгт итгэлтэй байна” хэмээн ярилцаж байв. Эдгээр төсөл хөтөлбөрт хамрагдсан залуучууд өнөөдрөөс эхлэн ажилдаа орж байгаа бөгөөд тэд өөрсдийн ажиллах аймаг, орон нутгийн зүг хөдөллөө. Уг төслийг зохион байгуулагч болон төсөлд хамрагдаж орон нутаг руу хөдлөх гэж буй оюутнуудын сэтгэгдлээс хуваалцлаа.
МЗХ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.ТҮвшинжаргал
-“Ажилтай, Орлоготой Монгол залуу” хөтөлбөрийн онцлог юу вэ?
-МЗХ-ноос санаачлан зохион байгуулж буй уг хөтөлбөрөөр “Цагийн ажил”, “Ажлын гараа”, “Сумын залуус” гэсэн гурван төслийг хэрэгжүүлнэ. “Сумын залуус” төсөл нь эх нутагтаа амралтаараа ажиллах боломжийг бий болгож байгаа. “Ажлын гараа” төсөл нь оюутан залуус төгсөөд эх орны бүтээн байгуулалт, барилга, зам, уул уурхай гэх мэт эрэлттэй салбаруудад зуучлах зорилготой. “Цагийн ажил” төслийн хувьд манай улсад төдийлөн хөгжөөгүй байгаа ч ямар нэг ажил олгогч цагийн ажилтны шаардлага тулгарвал хүний нөөц бэлэн байх боломжийг бий болгох зорилт юм. Цаашид залуучуудаа дэмжиж олон ажил хийхээр төлөвлөж байна.
-Хөтөлбөрт хамрагдаж буй залуус хэдэн төгрөгийн цалин авах вэ?
-“Сумын залуус” төсөлд хамрагдсан 200 мянган төгрөг, “Ажлын дараа” төсөл 500 мянган төгрөг, харин “Цагийн ажил” төслийн хувьд тухайн ажил олгогч эзэд ажлын нөхцөл байдлаас шалтгаалж цалинжуулах болно.
“ИЗОУИС”-ийн Хууль зҮйн сургуулийн III курсын оюутан Б.ПҮрэвдорж: Эргэх холбоог бий болгоно
-“Сумын залуус” төсөлд хэрхэн хамрагдав?
-Манай баг Ховд аймгийн Чандмань суманд Залуучуудын төрийн бус байгууллага ажиллуулдаг. Уг төсөлд МЗХ-ны цахим хуудсаар нэгдэн мэдээлэл солилцож, хамтарч ажиллахаар ирсэн. Бидний хувьд шаардлагад заагдсан мэргэжлийн оюутнууд биш боловч, урд нь энэ чиглэлээр сургалт сурталчилгаа явуулж байсан туршлагатай.
-Хамтарч ажиллах гишүүдээ танилцуулаач?
-Манай багт мэдээллийн технологийн хоёр, сэтгүүл зүйн нэг, хууль эрх зүйн нэг оюутан бий. Бид төслийн хүрээнд сумынхаа Засаг дарга болон мэргэжилтнүүдтэй хамтран бүх багуудад сургалт сурталчилгаа явуулж, залуусыг ажилтай, орлоготой, зохион байгуулах чадвартай, эргэх холбоог бий болгоход чиглэсэн олон ажил хийхээр төлөвлөсөн.
-Цалин хангамжийн тухайд?
-Бид зун амралтаа зүгээр сууж дэмий өнгөрүүлдэг. Харин энэ зун амралтаараа цалинтай ажиллах боломжтой боллоо. Уг төсөлд хамрагдсан залуучууд 200 мянган төгрөгийн цалинтай ажиллана. Гэхдээ бидний хувьд цалингийн хэмжээ, гадаад явах нь гол биш, XXI зууны залуусын чадвар нийгэмд гүйцэтгэж буй үйл ажиллагааны үр дүн, дадал туршлага эзэмших, бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулах зэрэг нь чухал.
Ж.Эрдэнэчимэг

Сэтгэгдэл ( 0 )