2013 оны 7 сарын 4-6 хооронд “Лантуун дохио” ТББ, АНУ-н Техас мужийн “Unbound” байгууллагатай хамтран “Цагдаа, хууль сахиулагчид”, “Багш, нийгмийн ажилтан, эмч”, “Олон нийт” гэсэн 3 чиглэлийн хүмүүст “Нэг мэдээлэл нэг амь” сэдэвт хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт арга хэмжээг зохион байгуулж байна.
Гэмт хэрэгтний арга барил өөрчлөгдөн далдлагдаж, илүү нарийн зохион байгуулалттай болж байгаа энэ үед хүний наймааг таслан зогсооход иргэдийн мэдээлэл сайтай байдал, төрийн болон ТББ-уудын хамтын ажиллагаа, олон улсын хамтын ажиллагаа маш чухал болоод байна. Энэ удаагийн арга хэмжээнд АНУ-с мэргэжлийн хуульч, сэтгэл зүйч, туршлагатай сургагч багш нар ирж хичээл зааж байна.
Хамгийн сүүлд АНУ-н элчин сайдын яамнаас хийсэн судалгааны тайлан дээр үндэслэвэл Монгол улс нь хүн худалдаалах гэмт хэргийг үйлддэг, зуучилдаг, дамжуулан худалддаг орны тоонд зүй ёсоор багтаж байгаа бөгөөд зөвхөн судалгаа биш бодит байдлаас харахад ч гэсэн манай улсад хүний наймаа ил далд бүх хэлбэрээр үйлдэгдсээр байгаа нь нууц биш. Дэлхий дээр жилд дунджаар 2,5 сая хүн хүний наймааны золиос болдгийн 1,4 сая буюу 56 хувь нь азийн орнуудад болдог юм. Манай орны хувьд хүний наймаа нь ихэнхдээ гадаад оронд мэхлэгдэн очоод тэндээ худалдагдсан байдаг, биеэ үнэлэлт нэрэн доор халхлагдан үйлдэгддэг, гэрч хохирогчийг хамгаалах хууль эрх зүйн орчин хангалтгүй байгаагаас болоод хүмүүс цагдаагийн байгууллагад хандах хүсэлгүй байдаг гэх мэт олон асуудал байсаар байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )