Амьдралынхаа өдөр тутмын үйл явдал хийгээд өнөөгийн нийгмийн үнэн нүүр царайг дуугаараа илэрхийлдэг реппер Gee клипэндээ хэн нэгнийг урьж тоглуулдаг “гол дүр”-ийн жүжигчин гэдэг. Хүмүүнлэгийн үйлст идэвхтэй оролцож, хандивын тоглолтын урилгаас татгалздаггүй түүнийг элдэв хараалын үгсээр дуугаа “чимэхэд” нь дургүйцэх хүн цөөнгүй тул “Танхай залуу” хэмээн нэрийдэх нь олонтаа.
Хүүхэд, залууст зөв амьдралын тухай лекц уншдаг хэдий ч, хараал ерөөлийн үгсээс хол байж чаддаггүй реппер Gee энд тэнд халтуур хийж олсон мөнгөөрөө хоолоо залгуулдаг болохоо илэн далангүй өгүүлдэг. Тэгвэл одоо “танхай” залуу маань кино урлагт хүчээ сорьж үзэхээр шийдсэн бөгөөд "Ээжийн дайсан", "Шарталт" зэрэг инээдмийн киногоороо үзэгчдэд танигдсан “Милл” кино компани түүнийг дараагийнхаа уран бүтээлийн гол дүрд сонгосон гэнэ.
Дуучин залуугийн хамтран тоглогчоор “Мөрөөдлийн театр" продакшны жүжигчин Б.Баттөмөр, жүжигчин О.Долгор, С.Батзориг зэрэг туршлагатай уран бүтээлчид тоглож буй бөгөөд ирэх намар уг киноны нээлт болох юм байна.

Сэтгэгдэл ( 0 )