Гиннесийн номонд амжилтаа бүртгүүлэх эхлэлийг монголчууд анхлан бөхийн барилдаанаар тавьж зургаан мянган бөхийн барилдааныг зохион байгуулж байсан нь саяхан. Тэгвэл бий биелгээг дэлхийн соёлын өв мөн гэдгийг ЮНЕСКО-д батламжилсан нь ардын урлагийг сурталчлах хангалттай нөхцөл боломж биш хэмээн үзэж, улмаар Гиннесийн амжилтанд бүртгүүлэх санаачлагыг биелгээчид гаргасан юм.
Тэд өнөөдрөөс эхлэн нийслэлийн төв талбайд цуглан бэлтгэлдээ орсон бөгөөд нэг жилийн хугацаанд бий биелгээний үнэ төлбөргүй сургалтыг зохион байгуулсан билээ. Найман настай балчраас наян настай өтөл буурлууд хүртэл үндэсний их өв соёл болох бий биелгээгээ Гиннесийн номонд багтаахаар ийнхүү сэтгэл зүрхээ нэгтгэн биелэх гэж байна.

Сэтгэгдэл ( 0 )