Модны захуудад шалгалт хийжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 05

Мод, модон материал худалдаалдаг томоохон захуудад долоо хоногийн дотор зөрчлөө арилгахыг ШӨХТГ-аас санууллаа. Учир нь нийслэл хотод үйл ажиллагаа явуулж буй мод, модон материалын захад худалдаж байгаа мод, модон материал нь стандартад заасан хэмжээндээ хүрэхгүй хэрэглэгчдийг маш их хохироож байна гэсэн гомдол Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газарт удаа дараа ирсний дагуу тус газар нь Байгаль орчин ногоон хөгжлийн яамтай хамтран мод модон материал худалдан борлуулж байгаа томоохон есөн захад хяналт шалгалтын ажил хийсэн байна.  Шалгалтын явцад зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлж байсан нь илэрч, улмаар худалдаж байсан мод, модон бүтээгдэхүүн нь гарал үүслийн бичиггүй хоёр, гурав, тавын банзууд стандартад заасан хэмжээндээ хүрэхгүй байх нийтлэг зөрчлыг илрүүлжээ. Тиймээс үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй, байгаль орчны дүгнэлтгүй “Гурвалжин 44”, “Гялгар” захуудын үйл ажиллагааг эрхэлж бусад захад дээрх зөрчлөө долоо хоногийн дотор арилгах үүрэг өгсөн байна. Мөн Шинэчлэлийн Засгийн газраас түлээ, нүүрсний шуудайнд стандарт тогтоосон ч захууд уг стандартыг огт мөрдөхгүй байгаа нь шалгалтын явцад илэрсэн учир энэ зөрчлийг арилгахад анхаарлаа хандуулах гэнэ. Хэрэв долоо хоногийн дараа өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй, хууль зөрчсөн захууд байвал иргэд ШӨХТГ болон БОНХЯ-нд мэдээлж болох юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top