Монгол Улсаас БНХАУ-ын Хөх хотод суугаа Ерөнхий Консулын Газрын албан хаагчид Хөх хотод ял эдэлж байгаа болон урьдчилан хорих газарт саатуулагдан шалгагдаж буй нийт 23 иргэдээ эргэж тэдний санал хүсэлтийг сонсон, хорих газрын нөхцөл байдалтай биечлэн танилцах, удирдлагуудтай уулзах ажлыг зохион байгуулжээ.
Тус арга хэмжээний хүрээнд Хөх хотод ял эдэлж буй иргэддээ эрх зүйн зөвлөгөө өгөх, сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх, мөнгөн тусламж үзүүлэх зэрэг ажлыг хэрэгжүүлсэн байна. Энэхүү арга хэмжээг тус Консулын газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд ял эдэлж буй Монгол иргэд болон тэдний ар гэрийнхэн нь талархаж байгаа аж.
Ер нь бол манай улсын 162 хүн гадаадын 16 оронд ял эдэлж буй. Тэдний 56 буюу гуравны нэг нь хар тамхины хэрэгт холбогдсон. Гол нь монголчууд хар тамхи хэрэглэж бус, энэ төрлийн наймаа хийдэг сүлжээнд холбогдсон цөөн хүмүүсийн золиос болж байгаа гэдгийг ГХЯ-ны Консулын газрын дарга Ш.Сүхбаатар хэлж байгаа юм. Мөн гадаадад ял эдэлж байгаа иргэдийн 60.1 хувь нь хулгайн гэмт хэрэгт холбогджээ. Зарим нь томоохон хэрэг хийсэн байхад зарим нь ялихгүй жижиг зүйлээс болж ийм байдалд орж байгааг ч хэлж байна.
Харин ялтан солилцох гэрээг одоогоор БНХАУ-тай хийгээд байгаа. Тодруулбал, Монголын талаас батлагдаад, Хятадын тал батлахыг хүлээж байгаа аж. Гэхдээ хэдий батлаагүй ч өнгөрсөн жил хоёр иргэнийг шилжүүлсэн гэлээ. Энэ жил ХЗЯ, цагдаагийн байгууллагууд найман иргэнийхээ материалыг өгсөн бөгөөд дахиад дөрвөн иргэний асуудлыг шилжүүлэх гэж байгаа аж. Түүнээс гадна Хятадын урд хэсэгт халуун газар ял эдэлж байгаа иргэдээ Монголтой цаг агаар ойролцоо Хөх хотын шорон руу шилжүүлэх арга хэмжээ авч байгаа гэдгийг ч тэрээр хэлж байна.

Сэтгэгдэл ( 0 )