Төв цэнгэлдэх хүрээлэн анх 1958 онд ашиглалтад орсон, 12500 үзэгчийн суудалтай гэдэг. Харин энэ жилийн хувьд шинээр 2000 үзэгчийн суудлыг нэмж байрлуулахаар болоод байгаа бөгөөд наадмын үйл ажиллагааг сурвалжлах хэвлэл мэдээллийн ажилтнуудын зогсох талбайг өргөсгөж, томруулахаар засварын ажил эхэлжээ. Мөн цэнгэлдэхийн гадна болон дотор талыг бүхэлд нь засаж, шинэчилж байгаа аж. Төв цэнгэлдэхийн гадна талд худалдаа, үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгжүүдийг дүүрэг дүүргээр нь бүсчлэн хувааж, аж ахуйн нэгжүүд өөр өөрийн гэсэн хэв маягаар тухайн орчиндоо тохижилт хийх гэнэ.
Шагайн харваа болон сурын харвааны өмнөх талбайг хатуу хучилттай болгож тоос, шороогүй цэмцгэр орчинд наадамлах нөхцлийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа юм байна. Мөн Төв цэнгэлдэх орчим хогийн сав, нийтийн бие засах газрыг хангалттай хэмжээгээр байруулж, оюутан залуустай хамтран “Цэмцгэр Монгол наадам” үйл ажиллагааг зохион байгуулахаар болжээ. Наадмын нээлт болон хаалтын үйл ажиллагааг найруулах Төрийн шагналт, гавъяат жүжигчин Д.Сосорбарам энэ жилийн наадмыг үндэсний язгуур урлагийг дээдэлсэн, Монгол бахархлыг төрүүлсэн байдлаар хийхээр төлөвлөж байгаа тул нээлтийн үеэр 999 уртын дууч нэгэн зэрэг дуулж, 999 бүжигчин ардын бие биелэгээг нутаг нутгийн онцлогтой биелэхээр зохион байгуулжээ.

Сэтгэгдэл ( 0 )