Өнгөрсөн долоо хоногт ”11 11” төвд 1100 иргэн ханджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 06

Өнгөрч буй долоо хоногт "11 11" төвд хандсан 1100 иргэний тал хувь нь орон нутгаас холбогджээ. Их, дээд сургуулийн хуваарь орон нутагт цөөн тоотой ирдгийн зэрэгцээ мэдээлэл нь нээлттэй бус байна. Мөн элсэлтийн шалгалтын бүх мэдээлэл онлайн хэлбэрт шилжсэн нь хөдөөгийнхөнд хүндрэлтэй байна. Онлайнаар бүртгүүлж, мэдээллээ шалгаж чадахгүй байна гэсэн гомдол зонхилсон байна. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас холбогдох сургуулийн сургалтын албаны утас, хаягийг гомдол гаргагчдад хүргэж, зарим асуудлаар мэдээлэл өгсөн байна. Шалгуулагчийн материал автомат машинаар засагдах тул буруу гарах үндэслэлгүй, харин онооны талаар гомдолтой бол ажлын 5 хоногт багтаан Боловсролын үнэлгээний төвд өргөдөл гаргаж болно. Өргөдлийн дагуу материалыг нягтлан шалгаад хариу өгнө гэж яамнаас тайлбарлажээ. Харин нийслэлийн иргэд станцын саатлаас болж тог цахилгаан хэсэгчлэн тасарсанд бухимдаж, зуслангийн замын засварыг наадмаас өмнө дуусгах хэрэгтэй, хотын гол замуудын засварыг богино хугацаанд хийх зэрэг санал шүүмж илгээжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top