Загвар зохион бүтээгч Ариунаа Сүригийн “SS2014 Fashion Week” супер шоу энэ сарын 13-ны үдэш Үндэсний соёл, амралтын хүрээлэнд болно. Тоглолтын найруулагч Италийн “GR event and communications”агентлагийн Ерөнхий захирал Жиалуйжи Реста маргааш манай оронд ирэх гэж байгаа юм. Ариунаа Сүри өөрийн шоундаа зориулан ҮСАХ-ийн усан парк дээр тайз засуулж байгаа. Харин гадаадаас ирэх бусад хамтлаг, дуучид болох Австрийн “Drumatical theatre”, Африк-Испани гаралтай дуучин Келли Жойс нар тоглолт болохоос хоёр хоногийн өмнө манай эх оронд ирэх гэнэ. Тэднийг монголын залуус гайхалтай уран бүтээлээрээ бэлэг барина хэмээн хүлээж байгаа юм.

Залуу дизайнерын загварын шоунд Монголоос НҮБ-ийн элч дуучин, Гавьяат жүжигчин Т.Ариунаа, Төрийн соёрхолт дуучин Д.Болд, “A sound”, “Алтан ураг”, “Гурван охин” зэрэг хамтлагууд оролцох ба ятгын хатан хаан Ч.Мөнх-Эрдэнэ “Ертөнц” цомгийн гайхалтай аялгуунуудаас “Дэлхий” хамтлагийнхаа хамт тоглох юм байна. Одоогоор Болд “A sound”-тай хоршин дуулах талаар ярьж байгаа гэсэн шүү. Ямартаа ч өвөрмөц, шинэлэг зүйлсээр дүүрэн байх уг загварын шоунд залуусыг шөнийн 03.00 цаг хүртэл хөгжөөх үүргийг DJ Б.Одонбат хүлээгээд байгаа. Тэрээр олон шинэ уран бүтээлээр бэлэг барина гэдгээ ч дуулгасан. Тиймээс ҮСАХ-гийн зүгээс энэхүү онцгой үдэшт зориулж, төрөл бүрийн амтат хоол, ундаагаар үйлчлэх бол ивээн тэтгэгч АПУ компанийн зүгээс өөрийн нэрийн бүтээгдэхүүнээр ирсэн залууст үйлчлэх нь. Арван гуравны үдшийг Ариунаа Сүритэй мартагдахааргүй тэмдэглэе.
Г.ДАША
News.mn

Сэтгэгдэл ( 0 )