Дэлхийн хүн амын өдрийг жил бүрийн 7 дугаар сарын 11-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэхүү тэмдэглэлт өдөртэй холбогдуулан НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Аржентина Матавел Пичин, ХАХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал, Эрүүл мэдийн дэд сайд Ж.Амарсанаа, Монголын оюутны холбооны ерөнхийлөгч Х.Батсайхан болон залуучуудын байгууллагын төлөөлөл хамтран хэвлэлийн бага хурал хийсэн юм.
Хүн амын өдрийн дэлхийн нийтийн анхаарлын төвд буй асуудлыг уриа болгон, түүнд чиглэсэн үйл ажиллагаа хийхээр тэмдэглэн өнгөрүүлдэг. Тиймээс энэ жилийн Хүн амын өдрийг “Өсвөр насны охидын жирэмслэлт” сэдвийн дор тэмдэглэхээр болжээ.
Учир нь өсвөр насандаа жирэмсэлснээс болж олон мянган охид өөрийн сурч боловсрох, ирээдүйд сайн сайхан амьдрах боломжоо алдаж, жирэмсэн болсноо нуун дарагдууж, айж, эмээснээс шалтгаалан цусны даралт ихсэх, цус багадах, хүүхэд дутуу төрөх зэрэг эрүүл мэндийн хүндрэлүүд бий болж , хохирсоор байгаа юм.
Манай улсын хувьд 1990 оноос хойш өсвөр насны охидын төрөлт буурсан боловч 2005 оноос өссөн үзүүлэлт байна. Энэ нь манай улсын өсвөр насны охидын төрөлт Зүүн Азийн орнууд дундаа харьцангуй өндөр үзүүлэлт болж байна. Тиймээс өсвөр насны охидыг хүсээгүй жирэмслэлтээс урьдчилан сэргийлэх, тэдэнд нөхөн үржэхүйн мэдлэг, боловсрол олгох шаардлагатай байгааг хуралд оролцогчид онцлон хэллээ.

Сэтгэгдэл ( 0 )