Шинэхэн гавьяатуудад хүндэтгэл үзүүллээ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 10

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гарган Хүннү гүрэн байгуулагдсаны 2222 жилийн ой, Ардын хувьсгалын 92 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Төмөр замын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, “Хоёр Загал” зүтгүүрийг бүтээх ажлыг гардан зохион байгуулсан УБТЗ ХНН-ийн Улаанбаатар татах хэсгийн дарга Намсрайжавын Хуяг-Эрдэнэ, Автотээврийн салбарт 37 жил үр бүтээлтэй ажиллаж, хот хоорондын зорчигч тээврийн салбарт өөрийн үнэтэй хувь нэмрийг оруулсан Орхон аймгийн хот хоорондын зорчигч тээврийн “Хүчит Арслан” компанийн захирал Нандийн Дарам нарыг Монгол Улсын гавъяат тээвэрчин цолоор, Иргэний нисэхийн салбар, “МИАТ” ХК-д олон жил үр бүтээлтэй ажилласан ахмад нисгэгч Санжийн Гомбыг Монгол Улсын гавъяат нисгэгч цолоор тус тус шагналаа.

Зам, тээврийн салбараас төрсөн шинэхэн гавъяатуудаа салбарын сайд хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлсэн бөгөөд энэ үеэр сайд А.Гансүх “Та бүхний салбартаа оруулсан хувь нэмэр өндрөөр үнэлэгдэж, гавъяат цолоор шагнуулсанд хувийн болон салбарынхаа өмнөөс баяр хүргэж байна. Монгол Улсын Зам, тээврийн салбарт олон олон бүтээн байгуулалт, шинэчлэлийн ажлууд хийгдэж байна. Та бүхэн минь цаашдаа салбарынхаа залуу боловсон хүчинд зааж, зөвлөж ажиллана гэдэгт итгэлтэй байна.” гэж хэлсэн юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top