Монгол Улсын хүн ам энэ сард 2.9 саяд хүрнэ гэсэн тооцоог Үндэсний статистикийн хорооноос гаргажээ. Манай улсын хүн ам 1988 онд хоёр сая хүрч байсан бол 25 жилийн дараа 900 мянгаар нэмэгдэж байна.
Энэ тооцоог 2013 оны эхний дөрвөн сарын төрөлтийн түвшин, нийгмийг үзүүлэлтэд үндэслэн хүн амын өсөлтийн хэтийн тооцоог гаргадаг аргаар хийжээ. “Манай улсад 1980-1990 онд жилд 60 мянгаас дээш хүүхэд төрж байсан тооцоо байдаг бол, 1988 онд 75 мянган хүүхэд мэндэлсэн нь хамгийн олон хүүхэд төрсөн жил болж байжээ. Монгол Улсын хүн ам 1990 оноос хойш төрөлт тогтмол буурч байсан боловч алтан гахай жил буюу 2007 оноос өсөж, өнгөрсөн онд 74.8 мянган хүүхэд төржээ. 1980-аад оны хүүхдүүд одоо нөхөн үржихүйн насанд хүрснээр төрөлт эрс нэмэгдэж байгаа нь энэ. Бид 2013 оны эхний дөрвөн сарын төрөлтийн тоо, нийгмийн үзүүлэлтэд тулгуурлан долдугаар сард Монгол Улс 2.9 сая хүн амтай болно гэсэн тооцоог хийсэн” гэж Үндэсний статистикийн хорооны Хүн ам, орон сууцны тооллогын товчооны дарга А.Амарбал ярилаа.

Сэтгэгдэл ( 0 )