Ардын язгуур урлагийн “Их Хөгсүү” чуулгаас санаачлан бий биелгээг Гиннесийн номонд бүртгүүлэх их үйлсийг сүүлийн хэдэн жилийн турш үргэлжлүүлэн хийсээр ирсэн билээ. Уг ажил өнөөдөр л нэг юм биеллээ олох нь. Тухайлбал, Сүхбаатарын талбайд өнөөдөр 17.00 цагт халх, буриад, барга, үзэмчин, дарьганга, цаатан, дархад, хотгойд, дөрвөд, баяд, урианхай, хотон, тува, захчин, торгууд, өөлд, мянгад, казак зэрэг 10 гаруй ястаны 5000 бийлээчид нэгэн зэрэг бийлж их өв соёлоо дэлхий нийтэд тунхаглан зарлах ажээ.
Бий бийлгээг үндэстэн, ястануудын өөрсдийнх нь ардын дуунууд дээр нь бийлүүлэх тул тухайн ястаны дууг дуулдаг дуучдыг Морин хуурын чуулгатай хамтран дуулуулж түүн дээр нь бийлээчид бийлэх гэж буйгаараа ихээхэн онцлог аж. Түүнчлэн Гиннесийн номонд Бий бийлгээг бүртгүүлсэнээр Монгол улсаа гадаад орнуудад сурталчлах, гадны жуулчдыг татах, бий бийлгээг залуу хойч үедээ зөвөөр ойлгуулж, таниулж, хичээллэх урам зориг өгөх өндөр ач холбогдолтой хэмээн зохион байгуулагчид онцолж буй юм.

Сэтгэгдэл ( 0 )