Хөдөлмөрийн яам, Монголын залуучуудын холбоотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Энэ санамж бичгийн хүрээнд "Ажилтай орлоготой Монгол залуу" хөтөлбөрийг санаачлан, оюутан залуусын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор гурван томоохон төслийг хэрэгжүүлж эхлээд байгаа.
"Ажилтай, орлоготой Монгол залуу" хөтөлбөрт “Цагийн ажил”, “Сумын залуус”, “Ажлын гараа” төслүүд багтаж байгаа. Улс, эх орныхоо бүтээн байгуулалтанд залуучуудын оролцоог нэмэгдүүлж, зуны амралтаар нь түр ажлын байраар хангаж орлоготой болгох, улмаар ажил хөдөлмөрийн дадал олгох, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилготой уг төслүүдийн эхний ээлж болох “Сумын залуус” хөтөлбөр өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийж, бүртгүүлсэн залуус аймаг орон нутагт хуваарилагдан ажиллаж байгаа. Тэгвэл энэ удаад "Ажлын гараа" төслийн нээлт болж, МУ-ын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.
МУ-ын Ерөнхий сайд Н.Алтанхуяг ёслолыг нээж хэлсэн үгэндээ “Сум хөгжихгүй нь гэж залуус хот зорихоо болино. Хөдөө амьдрах илүү таатай орчин бүрдэнэ. Үүний эхлэлийг та нар гардан тавьж байгаа юм шүү” гээд ажилд нь амжилт хүслээ. “Хамгийн супер төслүүд хөдөөд хэрэгжих энэ үед бидний залуу нас тохиож, гар бие оролцож байгаагаараа азтай” гэж Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат тодотголоо.
Уг төсөлд хамрагдсан залуус 21 аймгийн 21 багт 21 жишиг өвөлжөө барих, түүнчлэн Зам, Төмөр зам, Барилга, Уул уурхай гэх мэт бүтээн байгуулалт ид өрнөж байгаа салбаруудад ажиллана. Тодруулбал, тус бүр 15 залуусаас бүрдсэн “Гавшгай 15” баг 21 аймгийн 21 багт очиж ажиллан орчин үеийн стандартад нийцсэн жишиг өвөлжөөг бариж, тухайн багт хүлээлгэж өгөх юм.
Мөн оюутан залуусаас бүрдсэн 3 багийн 45 залуу 7-р сарын 9-өөс 8-р сарын 9-ныг хүртэл сарын хугацаанд “Хөтөлийн цемент шохойн үйлдвэр”-т ажиллах бол 7-р сарын 9-өөс 10-р сарын 15-ныг хүртэл Барилга болон Авто зам, Төмөр зам, Уул уурхай, Газар тариалангийн компаниудад ажиллах төлөвлөгөөтэй байна. Ингэхдээ оюутан залуус сард 500 мянган төгрөгийн цалин авах бөгөөд нийгмийн даатгалд хамрагдах боломжтой аж. “Ажлын гараа” төслийг хэрэргжүүлэхдээ “Хөдөлмөрийн яам- Залуучуудын хөдөлмөрийн төв бирж- Ажил олгогч байгууллага” гэсэн гурвалсан гэрээг баримтлах бөгөөд Багийн гишүүд “Залуучуудын хөдөлмөрийн төв бирж”-ийн шууд удирдлага болон Ажиллаж буй байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын дагуу ажиллах юм байна.
“Ажлын гараа” төслийг Барилга хот байгуулалтын яам, Зам тээврийн яам, Үйлдвэр хөдөө аж ахуйн яам дэмжиж ажиллаж байгаа. Мөн үүрэн холбооны үндэсний оператор “Жи мобайл” корпораци мэдээлэл харилцааг бүрэн шийдэж, 21 аймгийн залуусыг таблетаар хангаж байгаа аж. Энэхүү таблетаар интернетийн үйлчилгээ болон мэдээлэл, харилцаатай байх бүхий л боломжийг олгож байгаагаараа онцлог юм.
Хөдөлмөрийн яамнаас хэрэгжүүлж байгаа мэргэжилтэй ажилтан бэлтгэх болон оюутан залуусын хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн төсөл, хөтөлбөрийг МУ-ын ерөнхийлөгч дэмжиж “Улс орныхоо бүтээн байгуулалтанд залуучуудын хувь нэмрийг оруулж, ажлынх нь гарааг ийнхүү тавьж өгч байгаад талархалтай байгаагааг илэрхийлж, үүнийг дэмжсэн төсал хөтөлбөрийг санаачилж хэрэгжүүлнэ гэдгээ илэрхийлээд байна.

Сэтгэгдэл ( 0 )