Улсын их баяр наадмын хязаалан насны морьд барианд орж Булган аймгийн Гурванбулаг сумын МУАУ Дамбын Хишигжаргалын шарга үрээ түрүүлэн ирж түмэн олноо баясгалаа. Энэхүү шарга үрээ нь даагандаа АХ-ын 90 жилийн ойд аман хүзүүдэж, давхар уяагаар Дундговь аймгийн 70 жилийн ойд түрүүлж байсан хурдан буян билээ.
Аман хүзүүнд Дундговь аймгийн Хулд сумын ААУ Чоймболын Дэмчигцоодолын хүү ААУ Д.Эрболдын тэргүүн хонгор үрээ хурдаллаа. Сүхбаатар аймгийн Халзан сумын Батжаргалын Чулуунбатын унаган адуу бөгөөд даагандаа Өмнөговийн 80 жил, Говьшанхын хурд уралдаануудад тус тус айрагдаж, шүдлэндээ говийн бүсийн даншиг болон Есөнзүйлийн даншигт тус тус түрүүлсэн энэ цагийн хурдан хүлэг билээ.
Айргийн гуравт Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул Босоо хийморь галын уяач Т.Зулзүсэмийн хонгор үрээг НАУ Баатарчулууны Дашдорж уяж хурдлууллаа. Энэ хонгор үрээ нь битүү адуу бөгөөд Дундговь аймгийн Дэрэн сумын уугуул Аръяабазарын Баярмагнайн унаган адуу юм.
Айргийн дөрөвт Увс аймгийн Зүүнговь сумын уяач Цагаачийн Баярхүүгийн цавьдар үрээ хурдаллаа
Айргийн тавд алдарт Монгол хээрийн дүү өнгөрсөн жилийн амжилтаа бататгаж ахин айрагдлаа. Тодруулбал Төв аймгийн Сэргэлэн сумын ААУ Баттулгын Сүхбаатарын хээр үрээ айргийн тавд хурдаллаа. Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын ААУ Д.Пүрэвдоржийн унаган хүлэг бөгөөд өнгөрсөн жил улсад айрагдаж, говийн бүсийн даншигт дахин айрагдсан хурдан ажнай.
6. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын ААУ Шаравын Рагчаасүрэнгийн хүрэн
7. Увс аймгийн Зүүнговь сумын МУАУ Бэчээрийн Далайн халтар
8. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын ААУ Хүүгийн Түмэнбаяр хонгор. Даагандаа Өмнөговийн 80 жил болон Говьшанхад тус тус түрүүлж байсан.
9. Дундговь аймгийн Луус сумын ААУ Сэрээгийн Шинэбаатарын хонгор.
10. Өвөрхангай аймгийн Хужирт сумын уяач Пүрэвийн Батсайханы хүрэн. Халзан сумын уяач Сайнбаярын унаган адуу бөгөөд даагандаа аймгийнхаа наадамд аман хүзүүдэж, зүүн бүсэд мөн аман хүзүүдсэн. Өнгөрсөн жил зүүн бүсийн даншигт зургаад хурдалсан.
HIIMORI.mn Б.Ганпүрэв

Сэтгэгдэл ( 0 )