Тулгар Төрийн 2222 жил, Их Монгол Улсын 807 жилийн ой, Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадмаар 254 соёолон уралдахаар бүртгүүлсэн билээ. Энэ жилийн баяр наадмын соёолонгийн уралдаанд 1881 дугаартай Ховд аймгийн Мөнххайрхан сумын уугуул, Ховд аймгийн хөгжлийн төлөө сангийн тэргүүн Ш.Адьшаагийн Хонгор соёоллон түрүү магнай болж, торгон жолоо өргүүллээ.
Ш.Адьшаагийн хонгор үрээ Ардын хувьсгалын 90 жилийн ойн их баяр наадмаар шүдлэн насандаа түрүүлж байсан хурдан буян. Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын уяач, Монгол улсын манлай уяач Отгоннасан уяа, сойлгыг нь тааруулж, баяр наадамд уралдуулсан нь ийнхүү наадамчин олныг баясгалаа. Төрийн баяр наадамд хоёдахь удаагаа хурдалж байгаа хурдан соёолон хязаалан насандаа уралдаагүй, өнджөж байсан бөгөөд баруун бүсийн наадамд түрүүлж байсан хүлэг аж.
Аман хүзүүнд Тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн сартай хүрэн, айргийн гуравт Дорнод аймгийн Матад сумын уяач Б.Цэндбаатарын саарал, дөрөвт Төв аймгийн Баян сумын Х.Цогтсайханы зээрд халзан, айргийн тавд Ховд аймгийн Дөргөн сумын харъяат уяач Н.Батбаярын бор үрээ хурдаллаа.

Сэтгэгдэл ( 0 )