Шөнийн троллейбус иргэдэд үйлчилж эхэллээ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 15

“Цахилгаан тээвэр” компаниас “Эко шөнийн тээвэр” төсөл хэрэгжүүлж, 23.00-05.00 цагийн хооронд хоёр чиглэлд дөрвөн троллейбус үйлчилгээнд гаргажээ. Наадмын эхний өдөр буюу долдугаар сарын 11-нээс шөнийн троллейбусууд үйлчилгээнд гарсан бөгөөд хоёр сарын хугацаанд туршилтын байдлаар явуулж үзэх юм байна. Ханын материалаас Офицеруудын ордон хүртэл 40 минутын зайтай хоёр троллейбус үйлчлэх бол III, IV хорооллоос Үйлдвэр комбинат- БММЗ чиглэлд мөн хоёр троллейбус 25 минутын зайтай зорчигчддоо үйлчлэх аж.

Эдгээр троллейбусыг дотооддоо угсарсан ба хосолмол хөдөлгүүртэй учраас цахилгааны саатал гарсан үед дизель генераторын горимоор ажиллах гэнэ. Мөн аюулгүй байдлыг хангах үүднээс тээврийн хэрэгслийг бүрэн камержуулж, GPS суулгасан байна. Үнэ тарифын хувьд том хүн 1000, хүүхэд 500 төгрөгөөр зорчиж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top