”Төмөр хүн-3” киног бүтээсэн алдартнууд Монголчуудаас уучлал гуйлаа

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 20

ССАЖ-ын сайд хатагтай Ц.Оюунгэрэл 2013 оны 5 дугаар сарын 24-ний өдөр АНУ-ын Холливудын “Марвел Энтертайнмент” ХХК-ийн ерөнхийлөгч Кевин Фейжэд 1а/59 тоот албан бичиг илгээсэн аж. Уг бичигт “Төмөр хүн-3”  кинонд монгол бичгийг  ашигласан асуудалд эсэргүүцэл илэрхийлж буйгаа мэдэгдсэн байна.

Ц.Оюунгэрэл сайд албан бичигтээ "Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоос мэндчилж байгаадаа баяртай байна.  Монгол улс нь Ази тивийн нэгэн улс бөгөөд мянга мянган жилийн түүх, соёлын дурсгалтай эрх чөлөөт, ардчилсан нийгэмтэй орон юм. Таны саяхан бүтээсэн “Төмөр хүн 3” кинонд Монгол бичиг, үндэсний уран бичлэгийг  маань Террорист бүлгэмийн билэг тэмдэг болгон ашигласныг олж мэдлээ.  

Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас Монгол уран бичлэгийг ЮНЕСКО-ийн нэн яаралтай хамгаалах биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгүүлэхээр бэлтгэж байхдаа  ийм мэдээ сонссондоо ихэд харамссан билээ. Монгол үндэсний билэг тэмдэг болсон соёлын өвийг хүн төрөлхтний эсрэг үйл ажиллагаанд соёлын өвийг тээгчдийн зөвшөөрөлгүйгээр ашигласан явдал нь тохиромжгүй үйлдэл болсон байна. Тийм ч учраас Монгол Улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим хуудас, сонин, хэвлэлүүд болон манай жиргээчдийн холбооны гишүүд Монгол үндэсний соёлын өвийг  өмгөөлөн эсэргүүцэл илэрхийлэхийг надаас зүй ёсоор шаардсан юм.

Иймээс Соёл, спорт, аялал жуулчлалын сайд, Монгол улсын Их хурлын гишүүний хувьд би Танаас манай олон нийтэд хандаж албан ёсны уучлал ирүүлэхийг нөхөрсөгөөр хүсч байна. Монголын олон нийт бол бусдыг ойлгох чадвартай, өгөөмөр сэтгэлтэй, нээлттэй учир олон ургальч үзэл бодлыг хүлээн зөвшөөрөх, харилцан ойлголцож ярилцахыг эрхэмлэдэг юм. Иймээс та манай соёлын өвийн асуудлаар хариу ирүүлбэл Холливудын кинонд үзүүлэх бидний хүндлэлийг өсгөх, манай орны эртний соёлыг сонирхох таны сонирхол улам нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна" хэмээн бичсэн юм.

Үүний хариуг энэ сарын 10-ны өдөр “Марвел Энтертайнмент” ХХК-иас ирүүлжээ. Тэд захидалдаа "Манай сүүлийн уран бүтээл болох “Iron Man 3”кинонд Монгол уран бичлэгийг гол сүлдээ болгосон нэгэн эсрэг талын зохиомол дүрийн талаар үзүүлсэн байдаг юм. Киноны эхний хэсэгт тэрээр өөрийгөө алан хядагчдын бүлгэмийн тэргүүлэгчээр зарлаж ард иргэдийн дунд төөрөгдөл үүсгэдэг. Гэвч тэрхүү зохиомол алан хядагчдын тэргүүлэгчид Их Британий жүжигчин Тревор Слатеррийн /жүжигчин Бэн Кингслей тоглосон/ ард өөрийн жинхэнэ дүр төрхийг нууцалсан Алдрих Киллиан /Гай Пийрс тоглосон/ гэх жинхэнэ муу талын дүрийн тухай гардаг...

Таны захидлаас үзэхэд бид монгол бичгийг ийнхүү ашигласнаараа Монгол улсын иргэдэд буруугаар ойлгогдож тэдний дургүйцлийг төрүүлсэн байна. Энэхүү асуудалд бид гүнээ хүлцэл өчиж, ийм үр дагавар гарна гэж  төсөөлсөнгүй гэдгээ хүлээн зөвшөөрч, харамсаж байна гэдгээ мэдэгдлээ" хэмээсэн байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
xe xe (184.58.200.174) 2013 оны 07 сарын 20

ene chin kino shuu dee. Soeliin said maani xiix yumaa olj ydaj dee. Mongolchuud unen sur duuliantai xumuus shuu. Iim uls oron yaj ch xogjix ve dee.

0  |  0
Top