“Монгол наадам” цогцолбор төслийн нэгж байгуулна

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 26

Нийслэлийн Удирдлагын Зөвлөлийн ээлжит хуралдаанаар “Монгол наадам” цогцолборын ашиглалтын өмнөх захиргаа байгуулах тухай, нийслэлд хүн амын хэт төвлөрөл бий болох, ажил эрхлэлт, нийтийн үйлчилгээ, дэд бүтцийн хангамжийн хэвийн ачаалал алдагдахаас сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай зэрэг асуудлыг хэлэлцлээ.

НИТХ-аас “Хүй долоон худаг”-т “Монгол наадам” цогцолбор барих шийдвэр гарч эхний бүтээн байгуулалтууд энэ жилийн наадмын өмнө хийгдсэн. Монгол наадам цогцолборыг 8000 үзэгчийн суудалтай байхаар төлөвлөсөн бөгөөд нийслэлийн Засаг даргын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан байдаг.

Тиймээс “Монгол наадам” цогцолборын ашиглалтын өмнөх захиргааг байгуулж, эд хөрөнгийг бүртгэлжүүлж, хамгаалах шаардлагатай гэж үзэн нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцлээ.

“Монгол наадам” цогцолборын ашиглалтын өмнөх захиргаа орон нутгийн өмчит үйлдвэрийн газар байгуулах тухай асуудлыг Захирагчийн ажлын албаны Захиргаа санхүүгийн хэлтсийн дарга Э.Энхцэцэг танилцууллаа. “Монгол наадам” цогцолборын хүрээнд нийслэлийн Засаг даргын захирамжаар хэд хэдэн томоохон бүтээн байгуулалтын ажил хийгдсэн гэдгийг тэрээр хэллээ.  Тодруулбал, 8,9 км автозам, 6800 автомашины зогсоол, 12,6 га талбайд худалдаа үйлчилгээний бүс байгуулж, цахилгаан хангамж гэрэлтүүлгийн асуудлыг шийдвэрлэсэн байна. Хүй долоон худгийн морь барианы газар болон үйлчилгээний төвүүд, авто машины зогсоолуудад 4 метрийн өндөртэй 64 гэрэлтүүлэг хийж, 26 нийтийн бие засах газар, 240 литрийн багтаамжтай 200 ширхэг хогийн сав байрлуулжээ.

 Шинээр нэмж 100 гаруй автомашины зогсоол, агуулах, харуулын байр тус бүр 18-ыг барих юм байна. Агуулах сав байхгүйгээс “Монгол наадам” цогцолборын бүтээн байгуулалтын ажлын хүрээнд хийсэн үзэгчдийн зөөврийн 3000 ширхэг сандлыг Хот тохижилтын газрын автобаазын хашаанд , хогийн савийг агуулахад хадгалж хураасан, цахилгаан хангамжийн тоноглолыг цоожлон,  гэрэлтүүлгийн шон, мэдээллийн 4 ширхэг самбарыг цахилгааны хангамжаас салгаж цоожилсон байдалтай байгаа юм. Иймд бүтээн байгуулалтын ажлын хүрээнд хийсэн ажлыг арчлах, хамгаалах, дараагийн ажлын бэлэн байдлыг хангах үүднээс “Монгол наадам” цогцолборын ашиглалтын өмнөх захиргааг 7 хүний орон тоотойгоор байгуулах шаардлагатай гэж үзжээ.

Танилцуулгыг сонсоод, нийслэлийн Засаг даргын Зам, тээвэр, дэд бүтцийн асуудал харицсан орлогч Н.Гантөмөр “Монгол наадам” цогцолборыг зөвхөн Үндэсний их баяр наадмаар биш бусад үед ч гэсэн байнгын ажиллагаатай байлгах хэрэгтэй. “Монгол наадам” цогцолборт эко хавтан тавихаас гадна ногоон байгууламж байгуулах шаардлагатай байгаа. Тиймээс арчлалт хамгаалалтын асуудал маш чухал” гэлээ.

Удирдлагын зөвлөлийн хуралдаанаас энэ асуудлыг хэлэлцээд, “Хүй долоон худаг”-т хийгдсэн бүтээн байгуулалтын зарим хөрөнгийг Засгийн газраас гаргасан. Тиймээс нийслэлийн төсөв болон, Засгийн газраас оруулсан хөрөнгө оруулалтыг бүртгэлжүүлэн, өмчийн харилцааг тодорхой болгох хэрэгтэй. Цаашид “Монгол наадам” цогцолборын ашиглалтын өмнөх захиргааг орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газар биш, төслийн нэгж хэлбэрээр байгуулах нь зөв гэж үзлээ.

Ингэснээр “Монгол наадам” цогцолборын ажил үйлчилгээ нэмэгдэж, байгууллага болон салбарын баяр, өдөрлөг тэмцээн,уралдаан зохион байгуулж, түрээсээр олсон орлогоо төрийн санд төвлөрүүлэх боломжтой болох юм. Мөн жил бүр зөөвөрлөн байгуулах сандал, бие засах газар, хогийн сав гэх мэт эд хогшлын гэмтэл, эвдрэл багасгаж, үргүй зардал буурна гэж үзжээ. Энэ асуудлыг НИТХ-д өргөн барьж, НИТХ-аас эцсийн шийдвэр гарах юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top