Баянзүрх дүүрэгт “Эрүүл аюулгүй хот” аян эхэллээ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 01

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба өнгөрсөн зургадугаар  сарын 03-ны өдрөөс эхлэн “Эрүүл аюулгүй хот” аянг эхлүүлсэн билээ. Тус аяны шилжин явах туг өнөөдөр Сүхбаатар дүүргээс Баянзүрх дүүрэгт шилжсэн юм. Аяны нэрэмжит шилжин явах туг, гэрэл зургийн цомгийг Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Т.Батцогт, Засаг даргын Тамгын газрын Худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Б.Халиунаа, Мэргэжлийн хяналтын хэлтсийн ахлах Ц.Цэрмаа, Цагдаагийн I хэлтсийн Хэв журмын тасгийн дарга, ахлах дэслэгч Б.Мөнхбат, Цагдаагийн II хэлтсийн дэслэгч Э.Халиун нарын албаны хүмүүс хүлээн авлаа.

“Эрүүл аюулгүй хот” аян Баянзүрх дүүрэгт энэ сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд аяны хүрээнд иргэдийн амгалан тайван байдлыг хангах, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх үүднээс олон арга хэмжээг зохион явуулахаар төлөвлөөд байгаа юм. Тухайлбал, архи тамхины хэрэглээг бууруулах чиглэлээр тодорхой ажлуудыг эхлүүлэхээр болсон байна. Мөн дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын гадна орчны ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, үйлчилгээний соёл, стандартыг хангах, эрүүл зөв амьдралын хэв загварыг нийтэд сурталчлан таниулж ажиллах аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top