Шинэчлэлийн Засгийн газраас 21 аймгийн авто замыг хатуу хучилттай болгож, замуудыг хооронд нь холбох ажлыг эхлүүлээд байгаа. Энэ жилийн хувьд зам барилгын ажилд Засгийн газраас Хөгжлийн банкаар дамжуулан нийт 570 тэрбум төгрөгийн санхүүжилтийг хийжээ. Санхүүжилтийн хүрээнд энэ жилдээ багтааж зургаан аймгийн зам барилгын ажлыг хийж дуусгахаар төлөвлөөд байгаа аж. Төлөвлөгөөнд Дорноговь, Дундговь, Өмнөговь, Баянхонгор, Хөвсгөл, Дорнод аймгийг хатуу хучилтаар холбохоор тусгасан. Дээрх зам засварын ажлыг аравдугаар сарын 30 гэхэд дуусгахаар төлөвлөжээ. Нөгөөтэйгүүр зам засварын ажлын явцад өмнөх жилүүдэд хийгдээгүй үлдсэн зам болон энэ онд шинээр засвар хийж байгаа замууд орж байгаа юм байна. Эдгээр зам барилгын ажлаас дурьдахад Дорнод аймгийн хувьд нийт 288.4 километр зам барилгын ажлыг дуусгахаар эхлүүлсэн бөгөөд одоогийн байдлаар ажлын явц 34.6 хувьтай байгаа аж. Хөвсгөл аймгийн хувьд нийт 253.3 километр зам, ажлын явц 19.6 хувьтай, Дундговь болон Өмнөговь аймгийг холбох зам барилгын ажилд нийт 400 километр зам, явц 49.1 хувьтай, Дорноговиос Замын-Үүдийн боомт хүртэлх 314.4 километр замын явц 74.2 хувьтай, Дундговь аймгийн нийт 107 километр зам, явц 88 хувьтай тус тус зам барилгын ажил хийж буй юм. Зам барилгын ажил Дорнод аймагт гэхэд зургаан байгууллагын гэрээтэй ажиллаж байна. Түүнчлэн энэ хэсэгт 370 орчим хүн хүч, 297 техник ажиллаж байгаа аж. Зам тээврийн яамнаас энэ талаар тодруулахад “Энэ жил хур бороо их орж байна. Үүнээс улбаалан зам барилгын ажил удаашрах зүйл ажиглагдаж байгаа. Гэвч бидний зүгээс зам барилгын ажлыг хурдан дуусгахыг хичээн ажиллаж байна” гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )