Тусламж гэдэг бол маш өндөр ашигтай бизнес - мөнгө хийх арга

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 05

Бид энд (Африкт) юу хийгээд байна вэ? Ийм нэртэй баримтат кинонд Африк тивийн улс орнуудад сүүлийн 50 жилийн турш үзүүлсээр ирсэн хүнсний гэх "тусламжууд"; мөн үүний хажуугаар хэрэгжүүлж ирсэн "ядууралтай тэмцэх", "малжуулах", "ногоон хувьсгал" гэх мэт уг нь сонсоход гоё сайхан нэртэй боловч бодит үйл ажиллагаа нь тун ч эргэлзээтэй элдэв төсөл хөтөлбөрүүд, явуулж ирсэн "буяны" гэх үйл ажиллагаанууд нь ихэнхдээ ямар нэг өчүүхэн ч бодит үр дүнд хүргээгүй ба харин ч ядуурлыг улам гүнзгийрүүлж  бас алсын уршиг, хор хөнөөлтэй байгаа байдлыг бодит баримтуудад үндэслэн судлаж харуулдаг.

“Бид энд, Африкт чухам юу хийгээд байна вэ?” – гэдэг асуултыг ах дүү дөрвөн Кляйнууд тавьж энэ асуултандаа өөрсдөө хариулт олохоор шийдсэн байна. Энэ ах дүү дөрөв Бид гэдэгт Барууны орнууд, тэдгээрийн зээл тусламжийн байгууллагуудыг хамааруулан хэлж байгаа хэрэг бөгөөд энэ байгууллагуудын зүгээс Африкийн улс орнуудад явуулж байгаа бодлого үйл ажиллагаа, ер нь хийгээд байгаа юмыг нь газар дээр очиж үзье, өнөө үеийн хамгийн том асуудлуудын нэг болсон ядуурлыг яагаад бууруулах чадваргүй байгааг нь судалья гэж шийдэцгээсэн ажээ.

Яагаад олон олон тэрбум долларын тусламжууд, Барууны буяны гэх олон байгууллагууд үйл ажиллагаа явуулсаар байхад Африк тив тэр чигтээ босч өндийх битгий хэл байнгын "хэвтээ" байдалд, эцэс төгсгөлгүй ядуурал гуйланчлалд байсаар байна вэ?

Ах дүү дөрөв 6 сарын турш Египетийн Кайраас гарч Өмнөд Африкийн Кейптаун хот хүртэл нийтдээ 15 мянган миль (24 000 км) туулж Африк тивээр хөндлөн гулдгүй аялаж 12 улс оронд очиж зураг авсан байна. Тэд энэ замдаа өлсгөлөнд нэрвэгдсэн, элдэв өвчнүүд болон тэнд өнөөдрийг хүртэл тасралтгүй өрнөсөөр байгаа дайн дажинд туйлдсан улс орнууд, газар нутгуудаар дайран гарч тэндхийн орон нутаг, хүн ардынх нь тухай 350 цагийн видео бичлэг хийж авсан байна.

Энэ баримтат кино ноцтой асуултуудыг тавьж байгаа боловч харин өөрөө хариултуудыг нь өгөхгүй гагцхүү тэр ноцтой болоод байгаа хурц асуудлуудыг тэмдэглэн хүмүүст харуулж байгаа юм. Энэ кинонд Барууны орнууд “гуравдахь ертөнцийн орнуудыг” элдэв башир аргуудаар дээрэнгүйлэн шулж мөлжиж байгааг тод томруун харуулж байгаа. Тэд бүр бүр туслаж байгаа гэхдээ хүртэл хэрэг дээрээ зальдаж тонон дээрмдэж байгааг нь харуулдаг!

Хүнсний тусламж гэдэг бол маш өндөр ашигтай бизнес - мөнгө хийх арга нь ажээ. Америкийн хуулиудаар энэ тусламжийн хүнсүүд нь заавал америкийн нутаг дэвсгэр дээр ургасан байх /тэднийн агрокомпаниуд ашгаа хийсэн байх/, боловсруулагдсан үйлдвэрлэгдсэн байх /үйлдвэрүүд нь бас ашгаа хийсэн байх/, мөн америкийн усан онгоцууд тээвэрлэсэн /тээвэр зуучийн компаниуд нь бас ашгаа хийсэн байх/ ёстой гэх мэт олон олон нөхцөлүүд байдаг байна. Өөрөөр хэлбэл, хүнсний тусламж гэдэг бол юуны өмнө америкийн хөдөө аж ахуйн корпорациудад далд татаас өгөх, үүний хажуугаар америкийн төрөл бүрийн зуучлагчид, гүйцэтгэгчид нартаа өндөр ашигтай гэрээнүүд өгөх арга байдаг байна.

Мөн энэ тусламж нь өлсгөлөнд нэрвэгдсэн тэр хүмүүст хоол хүнсийг үнэгүй тараан өгөх гэсэн үг огтхон ч биш ажээ. Энд хэрэглэдэг схемүүд нь бүүр ч их сонирхолтой. Жишээлбэл, эдгээр тусламжийн гэх хүнсүүдийг хүлээн авагч тухайн ядуу буурай улсын засгийн газруудад нь зээлээр худалддаг ба харин эндээс олсон орлого нь “ядууралтай тэмцэх” бас “хөдөө аж ахуйг сэргээх” төслүүдэд явдаг байна. Энэхүү арга нь энэ орнуудын орон нутгийн хүнсний үйлдвэрлэгчдийг нь бүүр сүйрүүлж орхидог байна. Учир нь орон нутгийн үйлдвэрлэгчдийн нийлүүлж байгаа хүнс нь гадаадаас орж ирж байгаа демпингийн хямд үнэтэй хүнстэй нь өрсөлдөж чадахгүй учир тэд удалгүй үгүйрэн хоосорч дампуурдаг байна. Энэ байдал нь эдгээр орнуудад ядуурлыг улам гааруулж байгаа юм.

Энэ залуусын үзэж байгаагаар энд асуудлын гол мөн чанар нь ердөө л Африкийн улс орнуудад өөрсдөд нь эсвэл Барууны орнуудад ч байгаа юм биш харин одоогийн энэ эдийн засгийн системд – капитализмд байгаа ажээ. Гэвч үүний цаад шалтгаан, сэдлүүдийг энэ залуус тэр болгон олж харж чадахгүй байж болох юм. Өнөө үед хүнд голдуу дэндүү сулхан хүмүүжил, дэндүү нэг талын тэгээд бас өнгөцхөн мэдлэг боловсрол өгдөг болсон бөгөөд энэ байдал нь тус тусдаа мэт байгаа олон факт баримтуудын ард дахь тэр гол асуудлын цаад мөн чанарыг нь олж харах боломжийг олгож байх ёстой аливаа асуудлыг бүхэлд нь эргэцүүлэн бодох тэр дадал зуршлыг өгөхгүй байгаа юм. Иймээс ах дүү Кляйн нар ч өөрсдийн тавьсан тэр асуултуудад хариултуудаа олж чадаагүй ба учир нь тэд өнөөгийн цаг үеийнхээ бүтээгдэхүүн, мөн Барууны орны хэрэглэгчдийн нийгмийн нэг эд эсүүд - залуус билээ...

Англи хэл дээр энэ кино онлайн интернэтэд бүтнээрээ байхгүй байгаа, ийм байхад тэндхийн гол хэрэглэгчид - хүмүүс нь яаж энэ бүхнийг мэдэх билээ дээ??! Тэд "ардчиллын" хүчинд л, тэдний нүдэнд "үл үзэгдэх гартай" чөлөөт зах зээлийн хүчинд  л энэ бүхнийг идэж ууж өмсөж зүүж тансаглаж тарвалзаж байгаа гэж үү?  Бас тэгээд зээлээр шүү.....!!!

Гэвч энэ баримтат киноны зургийг маш илэн далангуй авсан учир энэ кино хэд хэдэн кино наадмын шагналууд авсан ба олон орны үзэгчдэд хүлээн зөвшөөрөгдөж чадсан юм.

Энэ баримтат кино нь Африкт үзүүлж байгаа тусламжийн гэгч үйл ажиллагааны тухай, буяны гэгч үйл ажиллагааны тухай, ер нь ядууралтай тэмцэж байгаа гэх элдэв төслүүдийн үнэн нүүр царайг илчлэн харуулж энэ тухай таны толгойд зориуд бий болгосон байгаа үзэл бодлоо эргэн харахад хүргэх нь дамжиггүй ээ...

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top