АНУ-ын Конгрессийн номын сан Монгол Ганжуур Данжуурын шинэ ботиудыг заллаа

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 05

АНУ-ын Конгрессийн номын сангийн Түвд-Монгол номын цуглуулга хариуцсан мэргэжилтэн Сюзан Мейнхейт "Цогт цагийн хүрдэн" соёлын төвд айлчлан Монгол Ганжуур Данжуурын төслийн явцтай танилцахдаа шинэ ботиудыг үргэлжлүүлэн залахаа илэрхийллээ.

"Цогт цагийн хүрдэн" соёлын төв 2011 оноос эхлэн шунхан барын монгол Ганжуур Данжуурыг кирилл үсэгнээ хөрвүүлэх төслийг эхүүлсэн бөгөөд 5 жилийн хугацаанд 400 боть ном гаргахаас өдгөө 110 гаруй ботийг хөрвүүлж, 80 ботийг хэвлүүлж дуусгасан болно.

Кирилл үсгийн Ганжуур Данжуурыг хэвлүүлж эхэлсэн даруйгаас АНУ-ын Конгрессийн номын сан, Санта Барбарагийн их сургууль, Германы Бонны их сургууль, Английн Оксфордын их сургууль, Хятадын ӨМӨЗО-ны Багшийн их сургууль зэрэг дэлхийн болон бүс нутгийн нэр хүндтэй сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд захиалга хийж эхэлсэн нь энэхүү номын утга чанарыг үндэсний хэмжээнд төдийгүй олон улсын түвшинд хүлээн зөвшөөрч буйн илэрхийлэл юм.

Сюзан Мэйнхэйт кирилл Ганжуур Данжуурын шинэ ботиудтай танилцахдаа, "Манай номын санд монголын ховор үнэт ном судрын цуглуулга бий. Тэрхүү цуглуулга маань Кирилл Ганжуур Данжуураар улам бүр арвижиж буйд бид туйлаас их баяртай байдаг" хэмээн хэллээ. Конгерссийн номын сан 2011 оноос эхлэн шинэ Ганжуур Данжуурыг захиалж эхэлсэн ба хэвлэлтээс гарсан ботиудыг бүгдийг залаад байгаа юм.

Конгрессийн номын санд дэлхийн 470 хэл дээрх 138,3 сая нэгж хэвлэлийн бүтээгдэхүүн хадгалагдах ба үүнээс 35 сая нь номын цуглуулга юм. Сан хөмрөг нь ажлын нэг өдөрт 22000, жилд 2-3 сая ном, хэвлэмэл бүтээгдэхүүнээр баяжиж байдаг. Тус номын сангийн номын тавиурын уртын хэмжээ 850 км бөгөөд энэ нь дэлхийн бусад алдартай номын сангуудад одоогоор байхгүй үлэмж их тоо юм. Тиймээс ч Конгрессийн номын сан дэлхийн хамгийн том номын сангаар Гиннессийн номонд бичигдсэн юм.

Судлаач М.Саруул-Эрдэний нийтлэлд дурдсанаар Конгрессийн номын сангийн "Монгол цуглуулга"-д 20-р зууны эхээр олдсон 80 боть Монгол судар хадгалагддаг ба тэдгээрийн анхны 2 гар бичмэл, 1 модон барын судрыг эрдэмтэн Уиллиам Вїїдвилл Рокхилл 1893-1901 онд хандивлажээ. Монгол цуглуулгын 70 гаруй ном судрыг нэрт монголч эрдэмтэн Бертольд Лауфер 1917 онд олсон юм. Цуглуулгад Ганжуур Данжуурын 27 боть, уншлага залбирлын 19 судар, түүх намтар 11, анагаах ухааны 5, хэлний 2 бүтээл болон Төв Азийн Гэсэрийн хэсэг бүртгэгдсэн нь бий. Монгол цуглуулгад Энэтхэгийн монголч Локеш Чандра 1973-1974 онд Шинэ Дели хотноо хэвлүүлсэн Монгол фото "Ганжуур"–ын 108 боть хадгалаатай байна.

"АНУ-ын конгрессийн номын сангийн монгол номын цуглуулга хийгээд “Монгол Ном” хөтөлбөр" нийтлэлээс

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mongol(182.160.3.38) 2025 оны 03 сарын 13

ENE IKH ARIUN UILSED ZORIULAN MONGOLIIN BUKH TV NUUD UDUR BOLGON MEDEELLIIN ROLIK KHIIGEESEE BILEE.

1  |  0
Top