Эмнэлгийн зориулалттай, олон үйлдэлт 147 орыг эмнэлгүүдэд тараалаа

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 06

Эрүүл мэндийн яам, Азийн хөгжлийн банктай хамтран “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр 3” төслийг 2008-2013 онд хэрэгжүүлж байгаа билээ. Уг төслийн хүрээнд эмнэлгийн зориулалттай, олон үйлдэлт 147 орыг Архангай, Говь-Алтай, Төв, Дундговь, Сүхбаатар аймгууд болон нийслэлийн Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн нэгдлүүдэд хүлээлгэн өглөө.

Энэхүү YFC-361B загварын орыг БНХАУ-ын YONGFA MEDICAL EQUIPMENT компанид үйлдвэрлэжээ. Эмнэлгийн зориулалттай учраас толгой хэсгийг дээш өргөж буулгах, хөлний хэсгийг амрааж өвдөгний тахим хэсгийг өндөрлөх, буулгах үйлдлүүдийг хийхэд шаардлага хангах механик, 3 үйлдэлтэй ор юм. Мөн дуслын хөл болон хүнд өвчтөн өөрөө татаж босоход зориулагдсан бариул зэрэг нь орны толгой хэсэгт бэхлэгдсэн байна. 200 кг-ийн даацтай уг орны хэвтэх тавцанг зэвэрдэггүй гангаар, хөндлөн хэсгийг дээд зэргийн чанартай пластикаар бүржээ. Эвхэгддэг, хөнгөн цагаан хайлшин хашлагатай, дөрвөн дугуйтай, 12 см-ын зузаан бүхий ус, чийгний хамгаалалттай зөөлөн матрасс болон өвчтний орны дэргэд хоол идэхэд тохиромтой ширээ байх ажээ.

Энэхүү төслийн дагуу Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бэхжүүлэх, даатгалын тогтолцоог сайжруулах, хүний нөөцийн хөгжлийг дэмжих, салбарын хөгжил менежментийг хөгжүүлэх зэрэг хэд хэдэн чухал ажлыг зохион байгуулжээ. Түүнчлэн хөдөө орон нутагт хөрөнгө оруулалтын багагүй ажил хийгдсэн байна. Тухайлбал, Архангай, Говь-Алтай, Төв, Дундговь, Сүхбаатар аймагт тус бүр хоёр өрхийн эмнэлгийг шинээр барьж, 10 сум, сум дундын эмнэлгийн барилгыг засварлажээ. Сумын 37 эмнэлгийг ундны усны эх үүсвэртэй болгосон байна. Мөн одоогоор сумын 90 эмнэлэг, нийслэлийн Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн өрхийн 60 гаруй эмнэлгийг нэн шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахаар ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top