Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл өчигдөр орой “Гудамж” төслийн үйл ажиллагаатай танилцаж, Эдийн засгийн хөгжлийн сайд болон төсөл хэрэгжүүлэх нэгжийн удирдлагуудтай цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний талаар санал солилцлоо. Тэрбээр “Хурдны зам бол зөвхөн замын ачааллыг бууруулах бус, нийслэлийн зарим байршилд газар ашиглалтыг сайжруулах, олон дэд төв бүхий хотыг байгуулахад чухал ач холбогдолтой. Тухайлбал, Сонсголон орчимд газар ашиглалт хангалттай биш. Тиймээс энэ орчимд хотын дэд төв байгуулаад мөн хурдны замынхаа орц, гарцыг шийдээд өгвөл хот хөгжинө. Олон улсын жишиг ч тийм байдаг. Хурдны замынхаа гол гол зангилаанууд дээр дагуул хотуудаа байгуулдаг. Тэгж байж газар ашиглалт нь үр дүнтэй болж, эдийн засгийн эргэлтэд ордог” гэв. Түүнчлэн Налайх, Багануур гэх мэт алслагдсан дүүргүүдийн замыг хурдны зам болгож, Туулын хурдны замтай холбосноор дагуул хотууд хөгжих нэг суурь болно гэдгийг ч дурьдсан байна.
“Гудамж” төслийн хүрээнд хотын авто замын сүлжээг сайжруулан хөгжүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй 33 уулзварын өргөтгөл шинэчлэлийн тухайд “Үнэхээр хотын зам шиг зам, уулзвар шиг уулзварууд ашиглалтад орж байна. Одоо үүнийгээ бид тогтмол арчлах хэрэгтэй. Зам арчлалтын техник хэрэгсэл худалдан авах асуудлыг зохих төвшинд шийдэцгээе” гэжээ.

Сэтгэгдэл ( 0 )