Монголын “Монпеллет” компани Буриадад 10 сая долларын хөрөнгө оруулалт хийнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 17

ОХУ-ын Буриадын БНУ-ын тэргүүн Алексей Цыденов агаарын бохирдлыг бууруулах био шахмал түлшний зах зээлд хамтран ажиллах саналыг Монголын талд өнгөрсөн хавар тавьсан билээ.

Энэ хамтын ажиллагааны эхлэл болгож манай “Монпеллет” компани био шахмал түлш хийх үйлдвэр барихад зориулан, Буриадад 10 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болжээ.

Буриадын Засгийн газрын албан ёсны цахим хуудас “Монголын “Монпеллет” компани хөрөнгө оруулалт хийнэ. Био шахмал түлшний үйлдвэрийн ачаар бид ой модны хаягдлыг дахин боловсруулахаас гадна ажлын шинэ байртай болно. Доод тал нь 50 хүн ажилтай болох юм. Үйлдвэр барих газар бэлэн байгаа” гэж мэдэгдсэн байна.

Гэрээнд Буриадын тэргүүн Алексей Цыденов, “Монпеллет” компанийн захирал У.Энхбилэг нар гарын үсэг зуржээ.

Шинэ үйлдвэр жилд 120 мянган тонн түлш үйлдвэрлэх хүчин чадалтай. Түүхий эд хүлээн авах цэгийг Буриадын хэд хэдэн аймагт байгуулж, бүтээгдхүүнээ Монгол, Буриадад худалдаалах юм. Энэ оны аравдугаар сарын 1-нээс эхлэн Буриадын мод боловсруулах бүх аж ахуйн нэгжүүд хаягдлаа шинэ үйлдвэрт тушаах тушаалыг Буриадын Засгийн газраас гаргажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top