“Тавантолгой” ХК түргэн тусламжийн машинтай боллоо

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 26

Монгол Улсын Ерөнхий сайдын зүгээс Тавантолгойн орд газарт үйл ажиллагаа явуулж буй гурван уурхайд нүүрс тээвэрлэлт, борлуулалт, нүүрс тээврийн авто зам болон ажилчдын нийгмийн хамгаалалтай холбоотой асуудлаар тодорхой үүрэг, чиглэл өгч ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд “Тавантолгой” ХК-иас нүүрс тээвэрлэлт хийж буй жолооч нарын эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарч, эмнэлгийн анхан шатны үзлэг хийх, түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлэх зориулалт бүхий тусгай тоноглол бүхий 2019 оны цоо шинэ “Nissan Urvan” загварын автомашиныг худалдан авлаа.

“Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Р.Сэддорж хэлэхдээ “Монгол Улсын эдийн засагт хамгийн өндөр нөлөө үзүүлж байгаа Тавантолгойн бүлэг ордын ууган компанийн хувьд манай компани Тавантолгойн ордоос нүүрс тээвэрлэдэг 14 мянган жолоочийн эрүүл мэндийн үйлчилгээнд зориулж орчин үеийн эмнэлгийн машин худалдан авлаа. Бид өмнө нь фургон машинаар эрүүл мэндийн туламж үйлчилгээ үзүүлдэг байсан. Харин өнөөдрөөс эхлэн орчин үеийн бүрэн тоноглогдсон эмнэлгийн машинаар үйлчлэх боллоо. Тавантолгойн уурхайд тээвэр хийж байгаа 14 мянган жолоочийн ард 14 мянган өрх бий. Тэр утгаараа шинэ машин маань 14 мянган өрхөд үйлчлэх болно. Цаашдаа жолооч нар маань улам боловсронгуй хэлбэрээр нийгмийн үйлчилгээ авч, сэтгэл тэнүүн ажлаа хийж, Монгол Улсынхаа эдийн засагт хувь нэмэр оруулах болтугай” хэмээсэн юм.

“Тавантолгой” ХК-ийн эмнэлэг Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замын дагуу явуулын эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, анхан шатны үзлэг хийх, урьдчилан сэргийлэх ажлуудыг зохион байгуулж ажилладаг байна. Шинэ автомашинтай болсноор цаашид эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх боломж нэмэгдэж байгаа талаар тус эмнэлгийн ажилчид хэлж байв. “Тавантолгой” ХК-ийн эмнэлгийн ерөнхий эмч Б.Батмөнх “Тавантолгой” компанийн эмнэлэг маань иж бүрэн тоноглогдсон сайхан автомашинтай болсон баяртай байна. “Тавантолгой” компанийн ажилчид, Цагаад хад боомт руу нүүрс тээвэрлэж байгаа жолооч, тэдгээрийн ар гэрт томоохон хөрөнгө оруулалт болж боллоо. Тавантолгой компанийн эмнэлэг газар дээр нь эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх хэлбэрээр ажилладаг. Нүүрс тээвэрлэж байгаа жолооч нарт үйлчилдэг болохоор ачаалал өндөр. 2019 онд бид гурван ч удаа Тавантолгойн орд газраас Цагаан хад руу нүүрс тээвэрлэж байгаа жолооч нарыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, амин дэмээр хангаж ажилласан” хэмээн мэдээлэл өглөө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top