Улсын хэмжээнд шаардлага хангасан ердөө 113 сургуулийн автобус бий. Эдгээр автобусыг нийслэлийн долоон дүүргийн төрийн болон төрийн бус өмчийн нийт 56 сургууль ашиглаж байгаа юм. Гэтэл нэг сургуулийн сурагчдыг тээвэрлэхэд багаар бодоход 27-30 автобус шаардлагатай болдог.
Бидний мэдэхээр Б.Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэнгийн хойно нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургууль байрладаг. Гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай улсын цорын ганц лаборатори сургууль. Тиймдээ ч одоогоор суралцаж буй 3600 орчим хүүхдээс тус дүүргийн харьяаллын бус сурагч олон. Нэг жишээ хэлэхэд, “Ботаник”, “Таван шар”, “Буянт-Ухаа цогцолбор”, “Долоон буудал”-аас 450 гаруй хүүхэд гэрээс сургуулийн зүг зорчдог байна. Тэд бүгд ерөнхий боловсролын сургуулийн хоёроос тавдугаар анги. Нисэхийн “Буянт-Ухаа цогцолбор”-ын ойролцоо амьдардаг хүүхэд гэхэд багаар бодоход 16 автобусны буудал өнгөрсний дараа сургуульдаа очих боломжтой. Мөн тус сургуулийн бага ангид суралцдаг нийт хүүхдийн 50 орчим хувь нь хувийн унаагаар буюу эцэг, эх, асран хамгаалагчаараа сургуульдаа хүргүүлдэг гэдгийг нийгмийн ажилтан Г.Эрдэнэчимэг хэлж байна. Хувийн унаагаар зорчих хүүхдийн тоо нэмэгдсэн нь Засгийн газраас 10 хүртэлх насны хүүхдийг зөвхөн эцэг, эхийн гарт хүлээлгэн өгдөг “Гараас гарт” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаатай ч уялдах аж.
Хан-Уул дүүргийн XVI хорооны иргэн А.Ганбат “Яармагийн орчимд өндөр үнэтэй хувийн сургуулиуд байдгаас эцэг, эхчүүд хүүхдээ хувийн унаагаар хүргэж өгдөг. Ийм учраас заримдаа түгжрэл их үүсгэдэг. Би Яармагаас хотын төв рүү ажилдаа явахдаа багаар бодоход нэг цагийг түгжрэлд зарцуулдаг. Түгжрэлд 30-40 минут нам зогсдог байсан хугацаандаа одоо хотын төв рүү орчихдог боллоо. Сурагчдын амралт эхэлснээс хойш зам чөлөөтэй байна” гэсэн юм. Тэгэхээр сургууль, цэцэрлэгийн хүүхдийг тээвэрлэх асуудлыг зөв шийдэж чадвал түгжрэл саарах боломжтой юу гэсэн сэдвийг энэ удаагийн дугаарт хөндөж байна.
“School bus” гэсэн бичигтэй шар өнгийн дунд оврын автобустай та магадгүй таарч байсан байх. Өвлийн хүйтэнд гэрээс нь хэдэн автобус дамжих хол зайтай сургуульдаа ядарч, өлсөж, цангаж явах сурагчийг нийслэлийн захын хорооллуудын хаанаас ч олно. Манай улсад нийтийн тээврийн хүрэлцээ муу. Түгжрэл их. Тиймдээ ч ажил эхлэх, тарах цагаар даацаа хэд дахин хэтрүүлсэн автобусанд хөгшид, хүүхэдгүй шахцалдан зорчдог. Эсвэл даарах, золбин ноходтой таарах, машин замаар гарах, хальтиргаатай гудамж, талбайгаар явах нь гэр хороололд амьдардаг балчир багачуудад өдөр болгон тохиолдоно. Томчууд бид өөрсдийгөө балчир хүүхдээр төсөөлбөл жинхэнэ “айдас хүйдэс” гээч нь тэдгээр багачуудын гэрээс сургууль хүрэх замд тохиолддог ч байж мэдэх юм. Харин эцэг, эхчүүд хүүхдээ сургуулиас нь очиж авахын тулд ажилгүй ч болж мэднэ. Тиймээс аргагүйн эрхэнд ач, зээгээ сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгч, авахаар гэртээ суух эмээ, өвөө нар олон болжээ. Энэ мэт асуудлыг шийдэхээр, мөн нийслэлийн түгжрэлийг бууруулах зорилгоор сургуулиудыг хүүхэд тээвэрлэх автобустай болгох ажил аль 2012 оноос эхэлж байжээ.
ХҮҮХЭД ТЭЭВЭРЛЭХ АВТОБУС ДУНДЖААР 140-150 САЯ ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ
Энэ онд тусгай хэрэгцээт боловсролын таван сургууль, нэг цэцэрлэгт сургуулийн автобус олгосон байна. Харин нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар жилд гурван автобусыг сургуулиудад нийлүүлэх ажил хэрэгжиж байгаа юм. Энэ хүрээнд 2018 онд Хан-Уул дүүргийн 59, Налайх дүүргийн 109, Сонгинохайрхан дүүргийн 74 дүгээр сургуульд тус тус нэг сургуулийн автобус олгосон. Өнгөрсөн долдугаар сард Налайх дүүргийн 103, Хан-Уул дүүргийн 10, Сонгинохайрхан дүүргийн 124 дүгээр сургуульд адил тооны автобус олгожээ. Түүнчлэн 2019 оны төсвийн хөрөнгө оруулалтаар нийлүүлэх гурван автобусны угсралтын ажил 75 хувьтай байгаа аж. Эдгээр автобусыг арванхоёрдугаар сард нийлүүлэх төлөвлөгөөтэй гэдгийг нийслэлийн Боловсролын газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтсийн мэргэжилтэн Г.Алтантуяагаас тодрууллаа. Одоогийн байдлаар хотын захын хорооллын 16 сургуульд сургуулийн автобус шаардлагатай гэсэн судалгаа байна. Гэтэл нэг автобусанд шаардагдах өртөг хэт өндөр тусдаг гэнэ. Нийслэлийн төсвөөс жилд олгож байгаа гурван сургуулийн автобусанд дунджаар 450 сая төгрөг төсөвлөдөг байна. Гэтэл Солонгос Улсаас орж ирж байгаа дунд оврын хуучин автобус 70-80 сая төгрөгийн үнэтэй. Шинэ автобус 140-150 сая төгрөг. Харин том оврын евро-5 стандартын байгальд ээлтэй технологи буюу газан хөдөлгүүртэй автобус 450 саяаас нэг тэрбум хүртэлх төгрөгийн үнэтэй байдаг байна. Ийм ч учраас улсын хэмжээн дэх сургуулийн автобусны хүрэлцээ ам ч үгүй, хамар ч үгүй байгааг нуух юун.
НЭГ СУРГУУЛЬД 27-30 АВТОБУС ШААРДЛАГАТАЙ БАЙДАГ
Монгол Улсад MNS 6440:2014 стандартын шаардлага хангасан автобусаар хүүхэд тээвэрлэхийг зөвшөөрдөг. Гэтэл улсын хэмжээнд энэ шаардлагыг хангасан ердөө 113 автобус байна. Одоогоор нийслэлийн долоон дүүргийн төрийн болон төрийн бус өмчийн нийт 56 сургууль хүүхдийн автобус ашиглаж байгаа юм. Ихэвчлэн Солонгос Улсаас оруулж ирдэг сургуулийн автобусыг монгол ажилчид угсардаг аж. Гэвч нэг ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг тээвэрлэхэд багаар бодоход 27-30 сургуулийн автобус шаардлагатай болдог байна. Сургуулийн автобусыг захын гэр хороололд байрлах 23 сургуулиас эхлэн олгож байгаа боловч нийслэлийн төвийн бүс, ялангуяа Сүхбаатарын талбайтай ойр байрлах сургуулиудад ч хүүхэд тээвэрлэх автобус шаардлагатай хэмээн зарим эцэг, эхийн төлөөлөл хэлсэн юм. Ингэснээр сурагчдын аюулгүй байдал хангагдах сайн талтай. Харин захын хороололд гэр нь автобусны буудлаасаа зайтай учраас 10 километрийн цаанаас сургуульдаа алхаж ирдэг сурагчид байдаг гэнэ. Сургуулийн автобусны тоог нэмбэл асуудлыг нь хариуцсан тусгай мэргэжилтэн сургууль болон холбогдох төрийн байгууллагад шаардлагатай болно. Түүнчлэн манай улсад мөрдөгдөж байгаа стандартын дагуу хүүхэд тээвэрлэх автобус нь 22-оос дээш зорчигчийн суудалтай, хоёр хаалгатай, гишгүүрийн өндөр хүүхэд бууж, суухад тохирсон, тоноглогдсон байх зориулалттай. Мөн техникийн хувьд үйлдвэрлэснээс хойш 10-аас ихгүй жилийн насжилттай байхаар заажээ. Автобус шар өнгөтэй байх гэсэн заалтыг нэмсэн нь ч сонирхолтой. Замын хөдөлгөөнд хүүхэд оролцож байгааг тод өнгөөр ийн илэрхийлдэг аж. Хүүхэд тээвэрлэх автобусыг намар, хаврын улиралд жилд хоёр удаа бүрэн үзлэг, оношилгоонд оруулдаг. Оношилгоонд тэнцээгүй тохиолдолд үйлчилгээнд явуулдаггүй гэдгийг нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Төлөвлөлт, технологийн хэлтсийн дарга С.Цэцэгмаа хэлсэн юм. Сургуулийн автобусаар сурагчдыг тээвэрлэхдээ өглөө, өдөр, орой гэсэн тогтмол цагийн хуваарийн дагуу зорчуулдаг байна. Энэ хуваарь нь зарим хүүхдийн хичээл орох болон тарах цагтай таардаггүй учраас тэд том оврын нийтийн тээврийн хэрэгслийг сонгох шаардлагатай тулгардаг гэнэ. Мөн зарим эцэг, эх хүүхдээ өөрсдөө авч, хүргэж өгөх саналтай байдаг. Тэгэхээр нэгдсэн сургуулийн автобусаар хүүхдийг зорчуулснаар өглөө, оройны ачаалалтай цагаар хүүхдээ хүргэж өгөх гэж зорих эцэг, эхчүүдийн тоо багасах нь тодорхой. Үүнийг дагаж замын хөдөлгөөний ачаалал тодорхой хувиар буурна. Тиймээс ажлыг дорвитой явуулах шаардлага тулгамдаж байна. Сургуулиудыг хүүхэд тээвэрлэх автобустай болгохоос гадна зөвхөн хүүхдүүд зорчих зориулалттай шугамын автобусыг гаргах нь түгжрэлийг бууруулах бас нэг шийдэл байж болох юм. Мөн хоёроос гурван эгнээ замын нэгдүгээр эгнээгээр дунд болон том оврын автобус, ажилчдын автобус гээд нийтийн тээврийн хэрэгсэл давуу эрхтэй зорчих захирамжийг бүрэн хангуулах. Нийтийн тээврийг нэмэгдүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулах нь зүйтэй юм.
Сэтгэгдэл ( 2 )
нисдэггүй юм бол түүнд чн зам хргтэй бол өшөө л түгжрэх болно би нэг улаа бодоход тм л дүгнэлт гарсан
Буянт Ухаа 1 ээс 118 р сургуульд явдаг хүүхдүүд (1 -р анги ) энэ өвлийг яаж давнаа.Хичээл нь 5, 15” д тараад автобусны буудалд ирээд хүлээнэ. Автобус нь яг оройн ачааллын үе,түгжрээд байхгүй ээ .Бяцхан хүүхдүүд нь даарч, хөрөөд л .Нийслэлийн тээврийнхэн 118 -р сургуулийн тэндээс нисэх хүртэл богино (хичээл тарах цагаар ) эргэлтийн автобус явуулмаар юмаа. Боломжгүй зүйл гэж байхгүй гэдэг дээ.