СБД-ийн гэр хорооллын бүсийн сургуулиуд АВТОБУСТАЙ боллоо

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 22


Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт төрийн өмчийн 25 сургууль, төрийн бус өмчийн 21 сургуульд нийт 41 мянган хүүхэд суралцаж байна. Мөн төрийн өмчийн 32 цэцэрлэг, төрийн бус өмчийн 31 цэцэрлэгт 12 мянган хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшдэг. Эдгээр хүүхдүүд Засгийн газрын шийдвэрийн дагуу энэ долоо хоногоос эхлэн бүтэн цагаар сургууль, цэцэрлэгтээ явж байгаа.

2020-2021 оны хичээлийн жилийн сургалт хүмүүжлийн ажил хэвийн горимд шилжиж байгаарай холбогдуулан Сүхбаатар дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар СБД-ийн 14 дүгээр хороонд байрлах 35 дугаар сургууль болон 15 дугаар хороонд байрлах 58 дугаар сургуульд сурагчийн автобус олгосон юм. Учир нь эдгээр сургуулиуд нь гэр хорооллын бүсд оршдог бөгөөд СБД-ийн зуслангийн суурьшил бүхий алслагдсан хороодын хүүхдүүд суралцдагаараа онцлог юм байна. Тухайлбал, ерөнхий боловсролын 35 дугаар сургуульд 1600 гаруй хүүхэд суралцдаг бол 58 дугаар сургуульд 3554 хүүхэд суралцдаг аж. Ийнхүү шинээр сургуулийн автобус олгосноор 35 дугаар сургууль гурван автобус, 58 дугаар сургууль дөрвөн автобусаар сурагчдаа зөөх боломжтой болжээ.
 


Ерөнхий боловсролын 35 болон 58 дугаар сургуулиудад сургуулийн автобус олгох үеэрээ СБД-ийн Засаг дарга Х.Болормаа “Дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүргийнхээ хоёр сургуульд сургуулийн автобус хүлээлгэн өглөө. Эдгээр сургуулиудад алслагдсан буюу 14, 15, 16, 18 дугаар хорооны хүүхдүүд суралцдаг. Энэ хүүхдүүдийн эрүүл аюулгүй суралцах орчныг бүрдүүлэхэд сургуулийн автобус зайлшгүй хэрэгтэй байсан. Зөвхөн 58 дугаар сургуулийн бага сургуульд нь 1200 хүүхэд суралцдагаас 900 сурагч сургуулийн автобусаар зорчих хүсэлтээ илэрхийлсэн байсан. Одоогоор дүүргийн хэмжээнд есөн сургууль автобусаар үйлчилж байгаа ч энэ хүрэлцэхгүй байна. Удахгүй өвөл болох гэж байна. Тиймээс сургуулийн автобусыг нэмэгдүүлэх замаар хол гэртэй хүүхдүүдийг тав тухтай зорчих боломж олгож байгаа юм. Үндсэндээ сүүлийн нэг жилд 58 дугаар сургуульд олон хөрөнгө оруулалт хийсэн. Хичээлийн хоёр барилгын хооронд 150 гаруй сая төгрөгөөр хүзүүвч хийсэн. Сурагчид хоёр барилгын хооронд явахдаа салхинд цохиулж өвчин авдаг байсныг хүзүүвчээр холбон шийдвэрлэх ажлыг дүүргээс санхүүжүүлсэн. Мөн тус сургуулийн гадна спортын талбайн тохижилтыг хийж, дээврийг засварласан. Энэчлэн дүүргээс өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 4.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг боловсролын салбарт хийгээд байна” хэмээн тайлбар хийсэн юм.
 


2017-2020 онд Сүхбаатар дүүрэгт улс, нийслэл, дүүргийн төсвийн 30.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 3280 хүүхдийн суудал бүхий зургаан сургууль, 1630 ор бүхий есөн цэцэрлэг ашиглалтад ороод байгаа юм. Боловсролын салбарт хийгдсэн хөрөнгө оруулалт, сурагчдын сурч боловсрох таатай орчин бүрдүүлэх ажлын үр дүнд тус дүүрэг элсэлтийн ерөнхий шалгалтын оноогоор 2019 онд улсдаа тэргүүлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top