40 биш 400 ширхэг "ХҮҮХДИЙН АВТОБУС"-тай болъё

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 20

Нэг сарын турш амарсан сурагчид өнөөдрөөс /2020.01.20/ хичээлдээ орлоо.

Улаанбаатарчууд энэ хугацаанд түгжрэлийг түр ч болов мартаж, жолооч нар сэлүүхэн давхилдаж байсан бол өнөөдөр өглөө урьдын адил битүү түгжээ үүсжээ. Сурагчдын амралтын хугацаанд өглөө гэрээсээ ажил руугаа 30 минутад хүрдэг байв. Өнөөдөр харин цаг гаруй хугацаанд түгжирч, ажилдаа хоцорлоо. Ийм явдал ихэнх хүмүүст тохиолдсон байх. Эндээс хотын түгжрэлийг бууруулах гол арга нь сурагчдыг зөөвөрлөх зориулалтын автобусыг хангалттай тоогоор нэмэх явдал болж таарч байна. 

Сургуульд хүүхдээ хүргэх гэсэн эцэг, эхчүүдийн зорчих хөдөлгөөн Улаанбаатар хотын өглөө, оройны замын түгжрэлийг нэмэгдүүлдэг нь сурагчид амарсан хийгээд хичээл орсон өдрөөр баталгаажиж байна. 

Нэг сурагчийг эцэг, эх нь өөрийн унаагаар сургуульд нь хүргэж өгч, орой нь буцаан авахад өдөрт дөрвөн удаа замын хөдөлгөөнд оролцоно.

2019-2020 оны энэ хичээлийн жилд нийслэлийн 245 сургуульд нийт 264,240 сурагч суралцаж байгаа. Сургуулийн хүүхдүүдийн хөдөлгөөн нь түгжрэлд ямар нөлөөтэйг сурагчдын тооноос, мөн өнөөдрийн түгрэлээс харж болохоор байв.

Энэ асуудалд хотын удирдлага анхаарч, “Сургуулийн автобус”-ыг шинээр нэвтрүүлсэн ч хангалттай хэмжээнд хүрээгүй байгаа. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 15-наас эхлэн нийт 29 сургуулийг зорих 33 чиглэлд 40 "Сургуулийн автобус" явуулж эхэлсэн.

Ойролцоогоор 3000 гаруй хүүхэд дээрх сургуулийн автобусаар зорчих боломжтой болсон гэсэн үг. Гэвч энэ нь хотын түгжрэлийг бууруулах хэмжээний тоо биш ажээ.

Нэгэнт сурагчдыг сургуульд нь хүргэх эцэг, эхчүүдийн хөдөлгөөн хотын түгжрэлийн гол “буруутан” болж байгаа нөхцөлд хүүхдийн автобусыг 40 биш 400 болгомоор байна. Тэгж байж хотын түгжрэлийг бууруулахуйц үр дүн гарна.

Тиймээс хотын даргаас санаачилсан ажлаа эрчимжүүлж, хүүхдийн автобусын тоон нэмэгдүүлэхийг хүсье. Хотын удирдлага төдийгүй Засгийн газар, улсын хэмжээнд үүнд анхаарал хандуулах хэрэгтэйг нөхцөл байдал харууллаа. 

Нийслэлийн 260 мянга гаруй сурагчийг “Сургуулийн автобус”-тай болгочихвол хот түгжрэлгүй болох ч юм билүү. 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top