Хэнтийд нас барсан хүүхдийн шинжилгээний хариу маргааш гарна

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 01 сарын 27

Хэнтий аймагт 14 настай хүүхэд уушгины хатгалгаа өвчнөөр нас барсан тохиолдол өнөөдөр /2020.01.27/ гарсантай холбогдуулан тус аймгийн Онцгой комисс шуурхай хурал зарлаж мэдээлэл хийлээ.

Комиссын мэдээлснээр, тухайн хүүхэд нэгдүгээр сарын 25-наас эхлэн халуурсан боловч эмнэлэгт үзүүлээгүй, гэрээр эм ууж эмчилж байгаад өнөөдөр өглөө 08 цагт эмнэлэгт хандсан байна. Ингэхдээ биеийн байдал их хүнд байсан бөгөөд16.00 цагийн орчим нас баржээ.

Талийгаач хүүхдээс шинжилгээ авч дээжийг ХӨСҮТ рүү илгээсэн бөгөөд хавьтагчгүй учраас шинэ коронавирус биш гэж урьдчилсан байдлаар тогтоогоод байгаа юм байна. Гэсэн ч аймгийн зүгээс урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээг авч хүүхдийн амьдарч байсан гэр болох Хэрлэн хороолол, эмнэлэг зэргийн хөл хөдөлгөөн хязгаарлаад байгаа аж. 

Тус аймагт нэгдүгээр сарын 12-нд Хөх хотоос наймдугаар ангид сурдаг хүүхэд ирсэн бөгөөд нэгдүгээр сарын 22-нд ангийнхаа хүүхдүүдтэй уулзаж, Хөх хотоос авчирсан чихрээ тараасан гэх мэдээллийг асуумж, судалгааны үеэр өгсөн байна.

Нэг ангийн найман хүүхэд халуурсан байдалтай байгаа бөгөөд хүүхдүүдийг гэрийн нөхцөлд эмчилж, өрхийн эмч нэр хяналт тавин, шаардлагатай тохиолдолд эмнэлэгт эмчилнэ гэлээ.

Мөн тус аймагт зарим үйлчилгээний газрууд, аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг түр зогсоож, согтууруулах ундааг өнөөдрөөс буюу нэгдүгээр сарын 27-ноос хоёрдугаар сарын 1-н хүртэл худалдаалахгүй байх захирамжийг Хэнтий аймгийн Хэрлэн сумын Засаг дарга гаргасан байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top