Энэ сарын 23-27-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 664 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 476-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Ослын улмаас 10 хүн гэмтсэний хоёр нь хүүхэд байна. Мөн ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд нэг, орон нутагт гурван хүний амь нас хохирсоны нэг нь хүүхэд байжээ.
Тухайлбал, гуравдугаар сарын 24-ны өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3-р багийн нутаг “Арын нуур” гэх газар шороон замд Toyota Harrier маркийн А жолоочтой автомашины хойд хаалга онгойж зорчигч хоёр настай, эмэгтэй Ц-гийн амь насыг хохироосон харамсалтай хэрэг гарчээ. Гуравдугаар сарын 25-ны өдөр Говь-Алтай аймгийн Тонхил сумын 3-р багийн нутаг “Наймаа замын эх” гэх газар шороон замд Mighty маркийн Д жолоочтой автомашин урагш өнхөрч, зорчигч 36 настай, эрэгтэй Т-гийн амь насыг хохироосон байна.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 9 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцжээ. Нийт замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн зам, орчны нөхцөл байдалд тохируулан хурдаа сонгож хөдөлгөөнд оролцох, эгнээ байраа зөв эзэлж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалж, замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНААС анхааруулж байна.
Сэтгэгдэл ( 0 )