Коронавирусын тархалтаас сэргийлж Улсын Онцгой комиссоос гуравдугаар сарын 2-ныг хүртэл улс даяар сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоох шийдвэр гаргаад байгаа.
Хорио цээрийн үед ерөнхий боловсролын сургуулиудын хичээлийн хөтөлбөрийн алдсан хоногийг гуравдугаар улирлын амралтаас хасах замаар нөхөх шийдвэрийг БСШУСЯ-наас гаргажээ. Учир нь сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 1-нд дуусах хэвээр болохыг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдэгдлээ. Тэрбээр "Цэцэрлэг, ЕБС-ийн сурагчдын зуны амралт цаг хугацаандаа эхэлнэ. Зургаадугаар сарын 1-нд бага, дунд анги, зургаадугаар сарын 5-нд ахлах ангийн хичээлийн зуны амралт эхэлнэ" хэмээлээ.
ЕБС-ийн гуравдугаар улирлын хичээлийн амралт гуравдугаар сарын сүүлээс дөрөвдүгээр сарын эхний хооронд болох хуваарьтай юм. Мөн гурав, дөрөвдүгээр улирлын хичээлийн үеэр таван удаагийн бямба гарагт хичээллэхээр болсон байна.
Бямба гарагт хичээллэх үеэр багш нарт илүү цагийн хөлс олгоно. Үүнд цэцэрлэгүүд хамаарахгүй юм байна.
Түүнчлэн Улсын онцгой комиссоос хорио цээрийн үед цахим болон теле хичээл зохион байгуулах арга хэмжээ авахыг салбарын сайд нарт даалгасны дагуу телевизүүдээр явуулах суурь боловсролын хичээлийн хуваарийг баталжээ. Ойрын өдрүүдэд теле хичээлийг бичиж, сонгогдсон 18 телевизэд тараах ба бэлдсэн контентуудаа давтамжтайгаар, цагийг нь зөрүүлж заах зохицуулалт хийх аж. Түүнчлэн теле хичээлийг нөхөж үзэх боломжтойгоор зохицуулж, кабелийн болон орон нутгийн бусад телевизүүд дамжуулах бүрэн боломжийг олгох юм байна.
Телевизээр заах хичээлийг 2020 оны хоёрдугаар сарын 03-наас эхлүүлнэ.
ТЕЛЕ ХИЧЭЭЛ ДАМЖУУЛАХ ТЕЛЕВИЗҮҮД БА ХУВААРЬ
Сэтгэгдэл ( 0 )