Сэлэнгэ аймгийн Алтанбулаг болон бусад хилийн боомтоор Ковид-19 зөөвөрлөгдөн тархах эрсдэл өндөр байгаа тул Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Чимэдсүрэн, ЭМЯ, ХӨСҮТ, ЗӨСҮТ, 15 ачаа, тээврийн байгууллагын төлөөлөлтэй уулзалт хийжээ.
Уулзалтын үеэр Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газартай цахимаар холбогдож КОВИД-19-ийн халдвар, хариу арга хэмжээний төлөвлөлтийн талаар ярилцсан байна.
Хурлаар КОВИД-19 халдварын дэлхий дахины байдал, ОХУ-д бүртгэгдэж байгаа өвчлөлийн тархалт, эрсдэлээс хэрхэн сэргийлэх талаар санал солилцлоо гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Сануулахад, өчигдөр Улсын Онцгой Комиссын хуралдаанаар улс хоорондын дамжин өнгөрөх ачаа тээврийн зохицуулалтын талаар хэлэлцсэн.
Шадар сайд Я.Содбаатар “Улс хоорондын дамжин өнгөрөх тээврийн үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа жолооч нараас коронавирусний халдвар илрэх нь нэмэгдэж байгаа учраас Улсын Онцгой комисс тээврийн асуудлыг хэлэлцлээ. Дамжин өнгөрөх ачаа тээврийн үйл ажиллагааг арванхоёрдугаар сарын 1 гэхэд шинэ горимд оруулна. Улс хоорондын дамжин өнгөрөх тээвэр нь коронавирусний халдварыг тархаах хамгийн эрсдэлтэй цэгүүдийн нэг. Ачаа тээвэр орж ирж буй найман боомтод эрсдэлийн үнэлгээ хийсэн. Цаашид Сэлэнгэ аймгийн "Алтанбулаг" боомтоор жолооч нарыг наашаа нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргаж байна. Тээвэрлэгдэж ирсэн ачаа барааг боомт дээрээс авдаг байх зохицуулалт хийгдэнэ. Тодорхой хязгаарлалтын арга хэмжээ авахаар төлөвлөж байна. Уг асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэнэ” гэсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )