Дотооддоо коронавирусний халдвар авсан АНХНЫ ТОХИОЛДОЛ бүртгэгдлээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 11 сарын 06

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн (2020.11.06) ээлжит мэдээллээ хийж, ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг танилцууллаа. 

Тэрбээр "2020 оны арваннэгдүгээр 4, 5-нд буюу сүүлийн хоёр хоногт ХӨСҮТ-ийн лаборатори, Сэлэнгэ аймаг дахь салбар лабораторид нийт 1068 хүний сорьцод шинжилгээ хийлээ. Үүнээс дөрвөн хүнээс коронавирусний халдвар илэрлээ. Тэдний хоёр нь Алтанбулагийн боомтоор орж ирсэн Беларус улсын жолооч бол Энэтхэгээс ирсэн нэг иргэнээс мөн халдвар илэрсэн. Дөрөв дэх тохиолдол нь COVID-19 халдвартай өвчтөнүүдэд үйлчилж байсан багийн сувилагч байлаа. Түүний хяналтын шинжилгээнээс коронавирус илэрсэн. Манай эмч, сувилагч нар коронавирусний халдвартай өвчтөнүүдэд шинжилгээ хийхээр 14 хоног тутамд ээлжлэн багаар ажилладаг. Ажилласан хүмүүс гарсныхаа дараа 14 хоног ажиглалтын байранд тусгаарлагддаг. Халдвар илэрсэн сувилагчийн ажлаа хийж байх хугацаан дахь 14 хоногийн хяналтын шинжилгээнээс коронавирус илэрсэн. Бид хамт ажиллаж байсан багийг хяналтдаа авч, ажиглалтыг үргэлжлүүлж байна" гэсэн мэдээлэл өгөв. 

Энэ нь Монгол Улсын хувьд дотооддоо халдвар дамжсан анхны тохиолдол юм. 

Монгол Улсад зөөвөрлөгдөж ирж батлагдсан тохиолдол 356 боллоо. Үүнээс 314 хүн эдгэрч, эмнэлгээс гараад байна.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 41 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний дөрвийнх нь биеийн байдал хүндэвтэр байгаа талаар мэдээллээ. 
 

Top