Эрүүл мэндийн яамнаас 17.30 цагаас коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар шинэ мэдээлэл хүргэлээ.
Мэдээллийг ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл өглөө.
Өнөөдөр (2020.11.08) Ковид-19 халдварын таван тохиолдол нэмж бүртгэгджээ. Тэдний дөрөв нь тусгаарлах байранд байсан иргэд бөгөөд тэдний 20 дахь хоног дээр авсан шинжилгээний хариу эерэг буюу халдвартай гарчээ.
Гадаад нөхцөл байдал улам хүндэрч, халдвар асар хурдтай тархаж байгааг зөөвөрлөгдсөн тохиолдол бүрээс харж болохоор байгааг ЭМЯ-аас анхаарууллаа. Тийм учраас амны хаалт зүүж, олон хүн цугласан газар явахгүй байхыг онцгойлон санууллаа.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өнөөдөр бүртгэгдсэн таван тохиолдлын дөрөв нь аравдугаар сарын 19-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн хүмүүс байсан. Энэ хүмүүсийн давтан шинжилгээнээс буюу 20 дахь хоног дээр нь коронавирус илэрлээ. Өмнө нь хоёр удаа шинжилгээ хийхэд хариу нь сөрөг гарч байсан. Мөн өнөөдөр нэмэгдсэн нэг тохиолдол нь ОХУ-аас ирсэн ачаа тээврийн жолоочоос байлаа. Ази, Европ тивд болон манайхтай хил залгаа улсад халдвар эрс нэмэгдэж байна. Иймд манай орны иргэд онцгой анхааралтай байх үе ирлээ. Өнгөрсөн хугацаанд өгсөн зөвлөмжийг маш сайн хэрэгжүүлж ирсэн. Цаашдаа илүү сайн хэрэгжүүлэхийг зөвлөж байна. Бид ямар нэгэн хэмжээгээр эрсдэлд орох магадлал маш өндөр байна. Гэр орондоо цэвэрхэн байж, дархлаагаа дэмжиж, дулаан хувцаслаж байх хэрэгтэй" гэж анхааруулав.