ШУУРХАЙ: "Энхсаран" сувиллын хүмүүсийг ХӨСҮТ рүү шилжүүллээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 11 сарын 10

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, сайдын зөвлөх О.Чимэдсүрэн болон холбогдох албаныхан өчигдөр орой буюу арваннэгдүгээр сарын 10-ны 18:00 цагаас ХӨСҮТ-д Коронавирусын халдварын эсрэг авч буй хариу арга хэмжээ, эмнэлгийн тусламж үйлчилгээ болон цаг үеийн асуудлаар шуурхай хуралдлаа. 

Шуурхай хурлаар Эрүүл мэндийн сайд дараах асуудлыг шийдвэрлэлээ. Үүнд:

 

  • "Энхсаран" сувилалд ажиглалтад байсан хүмүүсийг ХӨСҮТ-д тусгаарлахаар боллоо. ХӨСҮТ-д орны бэлэн байдлыг бүрэн хангаж, өнөө шөнөдөө ХӨСҮТ-ийн тусгаарлалтанд байршиж дуусах юм.  Бүх орны нөөц, бэлтгэл ажлыг хангасан. Тусгаарлалтын 19 дэх хоног дээрээ давтан шинжилгээгээр коронавирус илэрсэн хүмүүс буюу сүүлийн тохиолдлууд "Энхсаран" сувилалд буусан иргэдээс илэрсэн тул эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс тусгаарлалтын хоногийг сунган, ХӨСҮТ рүү шилжүүлэх нь зөв гэж үзжээ.

 

  • Түүнчлэн, Халдварын голомтод ажиллаж буй бүх эмнэлгийн ажилчид 5 сая төгрөгийн урамшууллыг авсан. Харин лаборантууд, жолооч нар, вируслогийн ажилчид нэмэлт урамшуулалд хамрагддаггүй байсныг нөхөн олгох,

 

  • Нэг удаагийн эмнэлгийн хэрэгслээр бүрэн хангах нөөц байгаа учраас ХӨСҮТ-ийн хэрэгцээт бүх хэрэгслээр хангах,

 

  • Илүү цагаар болон чартер нислэг тосч шөнө, өдөргүй ачаалалтай ажилласан удирдах ажилтнуудын илүү цагийг олгох,

 

  • Коронавирусын халдварын үед ажиллаж буй ХӨСҮТ-ийн бүх авто машинуудын засвар үйлчилгээ, даатгал зэрэг холбогдох бүх зардлыг ЭМЯ-наас шийдэх,

 

  • ХӨСҮТ-ийн мэс заслын тасгийн тоног төхөөрөмжийг сайжруулах, нэн шаардлагатай аппаратуудыг шийдвэрлэж өгөх,

 

  • Эмзүйн албаны агуулах байрны асуудлыг шийдвэрлэх,

 

  • Голомтонд ажиллаж буй эмч, ажилчдын амрах байр, хэсгийг илүү тав тухтай, тохилог орчноор бүрдүүлэх төсвийг шийдэж өгөх,

 

  • Коронавирусын халдвар авсан эмч, сувилагчийн ар гэрт сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх,

 

  • ХӨСҮТ-д хоёр лифтийг шинэчлэх зэрэг асуудлыг нэн даруй шийдвэрлэхээр боллоо.

 

Эх сурвалж: ЭМЯ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top