"Халдвар илэрсэн жолооч ДӨРӨВ ХОНОГИЙН өмнө гэртээ очсон"

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 11 сарын 11

Тусгаарлагдаж байгаад гэртээ гарсан байсан олон улсын тээврийн жолооч болон түүний гэр бүлийн хүнээс коронавирусний халдвар илэрсэн нь лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон тул Улсын онцгой комисс яаралтай хуралдаж, өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн ГУРАВ хоногийн хугацаанд нийслэл хотод хөл хорио тогтоолоо.

Тодруулбал, "Алтанбулаг" боомтоор орж ирж, 21 хоног тусгаарлагдаад гарсан ачаа тээврийн жолоочийн ар гэрээс халдвар илэрсэн ба  нэгдүгээр хавьтлын 16 хүнийг тусгаарлаж, шинжилгээ авч эхлээд байгаа аж.  Тухайн иргэдийн амьдарч байсан газар, гэрийг нь хамгаалалтад авсан. Халдвар авсан хоёр иргэнийг маршрутыг нь судалж байна. Үзвэр үйлчилгээ үзсэн, олон нийтийн газраас явсан эсэхийг нь тодорхой болгохоор ажиллаж байна гэж Онцгой комисс мэдээллээ. 

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар “21 хоног тусгаарлагдсан олон улсын автотээврийн жолооч дөрөв хоногийн өмнө гэртээ очсон. Тухайн жолооч болон гэр бүлийнх нь хүнээс коронавирусийн халдвар илэрч, лабораторийн шинжилгээгээр батлагдаад байна. Тиймээс хариу арга хэмжээ авах төлөвлөгөөний дагуу нийслэл хотод гурав хоногийн хугацаатай хөл хорио тогтоохоор шийдвэрлэлээ.  Энэ хугацаанд халдвар авсан хүмүүсийн хавьтлыг тогтоох, тандалт судалгаа хийнэ" гэсэн мэдээлэл өглөө. 


Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Улаанбаатар хотоос гарах болон орон нутгуудаас гарах хөдөлгөөнийг гурван хоногийн хугацаатай хаалаа. Энэ хугацаанд орох хөдөлгөөн нээлттэй байх аж.

Мөн бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг арваннэгдүгээр сарын 11-14-ний өдрийг хүртэл түр зогсоох, үзвэр үйлчилгээний байгууллага болон олон нийтийг хамарсан үйл ажиллагааг хурал, цуглаан, тэмцээн уралдаан, урлаг соёл, кино теарт, цахим болон бага насны хүүхдийн тоглоомын газрын үйл ажиллагааг дээрх хугацаанд түр зогсоолоо. 

Улсын онцгой комиссын шийдвэрийн хүрээнд
 

  • Бүх шатны боловсролын байгууллага, цэцэрлэг, сургууль, их дээд сургууль, сургалтын төвүүдийг хаах,
     
  • Улаанбаатар хотоос орох гарах авто болон төмөр замын хөдөлгөөнийг хаах,
     
  • Урлаг соёлын үзвэр үйлчилгээ, олон нийтийн газруудын үйл ажиллагааг түр зогсоох ШИЙДВЭР гаргалаа. 


Нийслэл рүү орох хөдөлгөөн одоогоор нээлттэй байна. Хөл хорионы хугацаанд халдвар илэрсэн хүмүүсийн ойрын хавьтагч нарыг тодруулах юм. 

Иргэдийн зүгээс айж тэвдэлгүй, амны хаалтаа зүүж, гараа сайтар угаан, шаардлагагүй тохиолдолд хүүхдүүдээ гаргахгүй байх, олон нийтийн газарт очихгүй байхыг УОК-оос зөвлөж байна.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top