"Алтанбулаг"-ийн ачаа тээвэрлэлтийг ХОЁР САРЫН ХУГАЦААТАЙ зогсоолоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 11 сарын 11


Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр (2020.11.11) болж, дараах шийдвэрийг гаргалаа.

Монгол Улс, ОХУ-ын хилийн Алтанбулаг боомтоор ачаа тээвэрлэхийг 2020 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдрөөс 2021 оны нэгдүгээр сарын 18-ны өдрийг хүртэл зогсоох Улсын онцгой комиссын саналыг дэмжив.

Цагааннуур боомтыг 2020 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн сар бүрийн хоёр, дөрөв дэх долоо хоногт ажиллуулж зөвхөн шатахуун тээврийн машин нэвтрүүлэх, Тэс, Арцсуурь, Ханх, Ульхан, Эрээнцав боомтыг 2020 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдрөөс,  Боршоо боомтыг 2020 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдрөөс хаахаар шийдвэрлэв.

Алтанбулаг чөлөөт бүсэд тусгаарлалтын бүс, бараа бүтээгдэхүүн шилжүүлэн ачих талбай байгуулна. 2021 оны нэгдүгээр сарын 18-ны өдрөөс эм, эмийн бүтээгдэхүүн, өндөг, жимс, жимсгэнэ зэрэг түргэн гэмтэж, муудах бараа бүтээгдэхүүнийг энэ талбайд шилжүүлэн ачих юм.


Товч мэдээ
 

  • Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар баг, 13 дугаар байрны 60 айлын орон сууцнаас хувьчлагдаагүй үлдсэн /ХЗДХЯ-ны үндсэн хөрөнгөд бүртгэлтэй тав, ОБЕГ-ын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй нэг/ нийт зургаан айлын орон сууцыг одоо амьдарч байгаа ажилтан, албан хаагчдад нь үнэ төлбөргүй хувьчлахаар болов.
     
  • Төрийн архивт архивч, архивч-судлаач, сан хөмрөгч, сэлбэн засагч, архивын баримтын хадгалалтын технологич, баримт ариутгагчаар ажиллаж байгаа төрийн архивын ажилтанд 10 жил тутамд нэг жилийн үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгох журмыг батлав. Энэ жил улсын хэмжээнд 33, ирэх жил гурван ажилтан урамшуулал авахаар байна.
Top