Ачаа тээврийн жолооч 21 хоногийн тусгаарлалтаас гэртээ гарсныхаа дараа халдвар авсан нь илэрч, өнөөдөр Улаанбаатар хот болон зарим аймагт гурав хоногийн хугацаатай хөл хорио тогтоогоод байна.
Арваннэгдүгээр сарын 6-нд тусгаарлалтаас гарсан тухайн иргэн тоглолт үзсэн, автобусаар зорчсон гээд нэлээд олон нийтийн газраар явсан мэдүүлэгтэй байгаа тул жолоочийн нэгдүгээр хавьтал болох 24 иргэнээс шинжилгээ авч дуусжээ.
Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Улсын Онцгой комиссын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг нар мэдээлэл хийлээ.
Ц.Ганзориг "Эхний хавьтлын 24 хүний шинжилгээний хариу гарсан. Ингэхэд түүний эхнэр болон ээж, дүү гэсэн гурван хүнээс коронавирус илэрсэн. Сүүлд илэрсэн хоёр хүн болох хадам ээж, дүү хоёртой нь нэгдүгээр хавьталд орсон хүнийг олж илрүүлэн, тусгаарлах ажил үргэлжилж байна. Бид шинэ мэдээ гарсан даруй аль болох шуурхай мэдээлэхийг зорьж байгаа. Тиймээс хэвлэлүүд албан ёсны мэдээллээ хүлээж, түгээж байгаа мэдээллээ нягталж оруулах шаардлагатай байна" гэлээ.
Сэтгэгдэл ( 0 )