БОЛОМЖ ХАЙСАН үнийн хөөрөгдөл газар авах вий

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 12

-Иргэдийн зүгээс махны үнэ нэмэгдэж байна гэсэн гомдол олонтаа гарав-

Монгол Улсад коронавирус дотооддоо алдсан тохиолдол гарч УОК-оос бэлэн байдал зарлаж, энэ хэрээр хоол хүнс, ойр зуурын хэрэглээний зүйлсээ цуглуулах хүмүүсийн урсгал зах дэлгүүрүүд рүү хошуурав. Тиймээс манай сурвалжлах баг зарим захууд, томоохон дэлгүүрүүдэд нөхцөл байдал ямар байгааг сонирхсон юм.

 

ХӨЛ ХОРИО ТОГТООСНЫ УЛМААС ИРГЭД МАХ, ГУРИЛАА БАЗААЖ ЭХЭЛЛЭЭ

 

Өчигдөр үдээс өмнө “Хүчит шонхор”, “Хархорин”, “Бөмбөгөр” зэрэг томоохон худалдааны төвүүдэд махны үнэ 1000-2000 төгрөгөөр нэмэгдэж байна гэсэн иргэдийн гомдол олонтаа гарав. Үүнтэй төстэй мэдээлэл Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөөх газрын 115 утсанд 100 гаруй бүртгэгджээ. “Хүчит шонхор” захад үүрийн таван жингээр махны худалдаа ид бужигнаад өнгөрдөг. Тэр үеэр махны үнэ өссөн гэх мэдээллийг ШӨХТГ-ынхан газар дээр нь очиж шалгахад махны худалдаачид үнэ өсөөгүй гэж байлаа. Гэвч иргэд "Махны ченжүүд зохиомол үнэ өсгөснөө нууж байна, махны үнэ өсөөгүй бол бид юу гэж худал мэдээлэл өгөх вэ" гэж байлаа. Тус зах дээрх махны үнэ өнгөрөгч пүрэв гаригийн байдлаар үхрийн ястай мах 9000, цул нь 9500, адууны ястай мах 9000, цул нь 10500, хонины мах 6000, ямааны мах 5500 төгрөгийн үнэ ханштай байсан. “Хүчит шонхор” зах дээр өчигдрийн байдлаар үхрийн ястай мах 10 мянгаас 10500, үхрийн цул мах 10500-11 мянган төгрөг,  хонины цул мах 7500- 7800 гэж байв. Худалдан авагч настай эмэгтэй "Хөл хорио тогтоонгуут зах руу харайлгачихлаа. Гэвч махны үнэ 1000-1500 төгрөгөөр нэмэгдсэн байна. Махгүй бид яах билээ. Юун түрүүнд махаа л авахаа боддог юм байна. Олон иргэд үнэ өсөж байгаад бухимдаж байна" гэлээ.

 

ҮНИЙН ХӨӨРӨГДӨЛ ҮҮСГЭСЭН ААН, ХУВЬ ХҮНИЙГ ТОРГОНО

 

Хэрэв цар тахлын үеэр худалдааны байгууллага, хувь хүмүүс хүнсний бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэх, хомсдол үүсгэх, дамлан худалдах зэрэг зөрчил илэрвэл аж ахуйн нэгжийг 20 сая, хувь хүнийг хоёр сая төгрөгөөр торгох ба тухайн бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын дөрвөн хувьтай тэнцэх мөнгөн дүнгээр торгоно гэсэн заалттай. Дээрх шаардлагыг  ШӨХТГ-аас 15 зах болон сүлжээ дэлгүүрүүдээр тарааж, газар дээр хяналт шалгалтыш хийсэн. Нэг үеэ бодвол иргэд эрх ашгаа хамгаалдаг, дуугардаг болсны баталгаа нь өчигдрийн жишээ байлаа. Жишээ нь “Хархорин” зах дээр хонины цул 10 мянга, гулуузаар нь авбал 7000 төгрөг гэж байгаа нь 2000 төгрөгөөр нэмэгдсэн байна гэж иргэд бухимдаж байв. ХХААХҮЯ-аас махны нөөц хангалттай бий, иргэд сэтгэл санаагаа тайван байлгаж нэгнийгээ даган зах руу хошуурч зохиомол хомсдол үүсгэхгүй байхыг анхааруулсан. “Бөмбөгөр” худалдааны төвийн махны болон хүнсний өргөн хэрэглээний барааны үнийг сонирхуулъя. Тус худалдааны төвд хонины цул мах 9500, ястай мах 9000, үхрийн цул мах 11, үхрийн ястай мах 10 мянган төгрөг бол үхрийн машиндсан мах 11 мянга гэж байв. Адууны ястай мах 10 мянга, ясгүй нь 10500, тахианы мах 7000, гахайн мах 15000 төгрөг байлаа. Дээрх худалдааны төвүүдийн махны лангуу үдээс хойш гэхэд шилэгдэж, хоосон шахуу болжээ. Энэ нь хөл хорионд орох нь гэсэн  иргэдийн айдас, хүнсээ базааж авах гэсэн амьдралын төлөөх тэмцэл гэж зөвтгөж болох боловч аливаа зүйлд хэт туйлшрах хэрэггүй. Аль болох тайван байж, эрүүл ухаан, уужуу бодлоор хандахыг ЭМЯ-аас тогтмол зөвлөж байгааг хэлэхэд илүүдэхгүй биз ээ.

 

ХҮНСНИЙ НОГООНЫ ҮНЭ ТОГТВОРТОЙ БАЙВ

 

Хүнсээ цуглуулж яваа хөгшид, тор дүүрэн талх боорцог, шуудай дүүрэн гурил будаа үүрсэн хүмүүс захаар нэг хөглөрнө. Ногооны тасагт өргөст хэмх 7000-12000, улаан лооль 7000, брокли 7000, чинжүү 6500, байцаа 1500, төмс 1000, лууван 1500, сонгино 1800 төгрөгийн үнэтэй байв. Төмс, хүнсний ногооны үнэ харьцангуй тогтвортой байв. Тэгвэл цагаан будаа нэг килограми нь 2500-4000, шар будаа 3000, гурвалжин будаа 4000 төгрөг байна. Харин 10 килограммтай "Хурх", "Улаанбаатар"-ын гурил 13 мянга, "Алтан тариа" -н гурил 15 мянган төгрөг бол 25 килограммтай нь "Хурх", "Улаанбаатар"-ынх 30 мянга, "Алтан тариа"-гийнх 29 мянгатай байв. Элсэн чихэр нэг килограмм нь 2200 байлаа. Иргэд өндөгний лангуун дээр овоорчээ. Өчигдөрхөн л 350 байсан өндөг 380-400 төгрөг болжээ гэж халаглах нь сонсогдов. Ийнхүү айл бүр боломжийнхоо хэрээр хүнсээ нөөцөлж, боломжгүй нэг нь хоосон хонох тахлын өдрүүд үргэлжлэх магадал өндөр болоод явчихлаа. Тиймээс иргэн бүр дор дороо хариуцлагатай байж өрхийнхөө санхүү төсвийг зөв зарцуулж, тансаг хэрэглээ, аархал чамирхлаас ангид дархлаагаа дэмжих эрүүл хооллолтыг заншил болговол зохилтой

 

Дэлгүүрүүдэд бараа бүтээгдэхүүний нөөц хангалттай ч иргэд бөөнөөр авч байна

 

“Зуун айл”-ын Хангай хотхоны урд байрлах “Номин” сүлжээ дэлгүүрт өчигдөр өглөөний 9.00 цагийн орчимд хүмүүс олноор дугаарласан байв. Дэлгүүр нээгээд удаагүй ч иргэд ийнхүү бужигнаж эхэлсэн нь онцгой байдал зарласантай холбоотой. Хүмүүс ихэвчлэн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг их хэмжээгээр нөөцөлж харагдав. Хоёр дугаарын кассчины хэлж буйгаар, талх нарийн боов, өндөг өтгөрүүлсэн жүүс, бүх төрлийн махыг маш ихээр авч байна гэлээ. Иргэдийн ихээр үйлчлүүлдэг “И-Март” худалдааны төвийн Чингис салбараар орж, үйлчилгээний ажилтнаас хүмүүсийн хөл хөдөлгөөн хэр байгааг лавлахад, “Өглөөгүүр нэг хэсэг бужигнасан. Өдөр 13 цагаас хойш арай гайгүй болж байна. Манай зүгээс гурил будаа зэрэг өргөн хэрэглээний бүтээгдэхүүнийг зааландаа энгийн үеэс илүү гаргаж тавьж байна” гэв.

Харин “Оргил” худалдааны зүгээс “Коронавирустэй холбоотой мэдээллүүдийн улмаас зах зээлд хүнсний болон бусад бараа бүтээгдэхүүний зохиомол эрэлт үүсч, хэрэглэгчийн дунд нийлүүлэлт тасрах болгоомжлол бий болоод байна. Энэхүү нөхцөл байдалтай холбогдуулан манай худалдааны төвийн хувьд бүх нэр төрлийн бараа бүтээгдэхүүний нөөц хангалттай байгаа. Салбар дэлгүүрүүддээ хэвийн тогтвортой нийлүүлэлт хийн ажиллана. Цаашид ч зах зээлдээ хэрэглэгчийнхээ эрх ашгийг хамгаалан ажиллахаа албан ёсоор мэдэгдэж байна” гэсэн мэдэгдэл гаргасан байв.

Ийнхүү “Мини” сүлжээ дэлгүүрийн “Жуков” салбараар ороход иргэдийн худалдан авалт энгийн өдрүүдээ бодоход бага зэргийн ачаалалтай байгааг хамгаалагч нь ярьж байлаа. Хүнсээ бэлдэх нэрийдлээр хүмүүс нэг дор олноороо бужигнаж байгаа нь эрсдэлт нөхцөл байдлыг улам дэврээж байгаа нь харамсалтай. Үндэсний сүлжээ дэлгүүрүүдийн хувьд өвчнөөр далимдуулж үнийн хөөрөгдөл үүсгэхгүй гэдгээ ч эхнээсээ мэдэгдээд байна. Их хэмжээгээр хүнс нөөцлөх, оочер дараалал үүсгэж байгаа нь цар тахлын үед эрсдлийг улам дэврээж байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
G(192.82.69.56) 2020 оны 11 сарын 12

humuusee ta nar uuruu yumnii unr huurugduud bna yum uzeegui yum shig negneesee ursuj avah geed amia bodood bhaar une usuud bgaa yum ugaasaa gants hoyor honogiin daraa une shalan deer una unetei ursuj avsan ta hohirch chenj hojino goe bgaa bizdee

0  |  0
. (31.155.245.119) 2020 оны 11 сарын 12

Vhsen hatsandaa ingedeg bnaa. Nasaaraa ideh hvns bazaachih yum shig,zogsohgvi ovchin yum shig svrjignedegii

0  |  1
(64.119.24.172) 2020 оны 11 сарын 12

ulburch uhtsgee

0  |  0
Top