Жолооч Д: Намайг нийгмээрээ үзэн ядаж байгаа нь вируснээс илүү айлгаж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 12

Дотоод дахь коронавирусний халдварын тохиолдлыг анх бүртгүүлсэн хэмээгдэж буй ачаа тээврийн автомашины жолооч Д-тэй манай редакц холбогдон ярилцлаа. Тэрбээр Сэлэнгэ аймгийн "Алтанбулаг" боомтоор Монгол Улсад орж ирэн, арваннэгдүгээр сарын 6-ны өдөр 21 хоногийн тусгаарлалт нь дуусаж сувиллаас гарсан ч дөрөв хоногийн дараа коронавирусний халдвар илэрч, эхнэрийн хамт ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа юм. Тусгаарлалтын хугацаанд бүх шинжилгээг цаг тухайд нь өгч, зөвшөөрлийн дагуу гэртээ харьсан ч нөхцөл байдал ийм болж эргэсэнд маш их харамсаж, цочирдсон талаараа тэр анх удаа хэвлэлд ярилаа.

Бид ярилцагчтай зөвлөлдсөний үндсэн дээр иргэд, олон нийтэд сэрэмжлүүлэг болгох үүднээс энэхүү яриаг хүргэж байгаа болно.


-Сайн байна уу та. Ярилцахыг зөвшөөрсөнд баярлалаа. Таны биеийн байдал ямар байна вэ? Та өөрийн мэдээлэл өгч болох боломжит хэмжээнд бидний асуултад хариулж болно.

-Одоогоор биеийн байдал хэвийн байна.

-Та хэзээнээс ОХУ-аас тээвэр хийж эхэлсэн бэ?

-Өнгөрсөн хавраас том оврын автомашин барьж, тээвэрт явж эхэлсэн.

-Сүүлийн тээвэрлэлт хэд хоног үргэлжилсэн бэ. “Алтанбулаг” боомт дээр та “Ковид-19”-ийн шинжилгээ өгсөн үү?

-“Алтанбулаг” дээр би аравдугаар сарын 14-ний өдөр шинжилгээгээ өгөөд 15-нд нь хариу сөрөг гарсан учраас Улаанбаатар хот руу ачаагаа тээвэрлэн ирсэн. Тухайн өдөр улс даяар орон нутгийн сонгуулийн өдөр таарсан байсан тул ачаагаа шууд буулгах боломж олдоогүй. Ингээд машиндаа тусгаарлалтын хашаанд хонож, 16-ны өдөр ачаагаа буулгаад, шууд “Энхсаран” сувилал руу явсан. Тусгаарлагдсанаас хойш гурав хоногийн дараа дахин шинжилгээ авахад хариу сөрөг гарсан. Үүнээс хойш 10-аад хоногийн дараа давтан шинжилгээ авахад мөн л сөрөг гарсан. Ингээд 20 дахь хоног буюу гарахын өмнөх өдөр гурав дахь шинжилгээг авахад мөн л Коронавирус илрээгүй. Улсын онцгой комисс болон ХӨСҮТ-өөс намайг гарч болно гэсэн бичиг өгсөн. Би мэргэжлийн байгууллагуудын зөвшөөрлийн дагуу арваннэгдүгээр сарын 6-ны өдөр тусгаарлалтаас гараад байж байтал дөрөв хоногийн дараа буюу арваннэгдүгээр сарын 9-ний орой над руу ХӨСҮТ-өөс холбогдож, “Дахин шинжилгээ авна, та гэрээсээ гарч болохгүй шүү” гэж сануулсан.

-Шинжилгээг танай гэрт ирж авсан уу?

-Тийм ээ. Тэр өдрөө ирж, эхнэр болон хоёр хүүхэд, мөн надаас шинжилгээ авсан. 24 цагийн дараа шинжилгээний хариу гарахаар байсан. Маргааш нь буюу арваннэгдүгээр сарын 10-ны шөнө 01:00 цагийн үед холбогдож, “Таны болон эхнэрийн чинь шинжилгээний хариу эерэг гарсан” гээд шууд ХӨСҮТ-д тусгаарласан. Харин хүүхдүүдийн маань шинжилгээний хариу сөрөг гарсан ч өөр харах хүн байхгүй, бас бага насны хүүхдүүд учраас одоо хамтдаа ХӨСҮТ-д тусгаарлагдаад байж байна. Хүүхдүүдээ авчрахаас өөр арга байсангүй. Энэ шийдвэрийг гаргах маш хүнд байсан. Та бүхэн зөвөөр ойлгоорой. Харж өгөх хүн олдоогүй. Нэг хашаанд байдаг ээж маань, бас хадам дүү мөн ХӨСҮТ-д тусгаарлагдсан байгаа.

-Сэжигтэй бүсээс ирж байгаа иргэдийг тусгаарлаж байгаа тусгаарлах байрны нөхцөл байдлын талаар та юу хэлэх вэ?

-Нөхцөл байдал тааруу байсан. Халуун усанд орох газар нь нийтийнх. Би ороод гарсны дараа дараагийн хүн усанд орох жишээтэй. Миний тусгаарлагдаж байсан “Энхсаран” сувилалын хувьд заримдаа паар нь халахгүй их хүйтэн, зарим үед хэт халаад жигтэйхэн халуун болчихно гэх мэтээр ахуйн асуудал, бэрхшээлүүд бол байх нь байсан. Тусгаарлалтын хөлс нийтдээ 1.100.000 төгрөг болсон. Өдрийн 50 мянган төгрөг. Энэ мөнгөнөөс тусгаарлагдаж байгаа хүмүүстээ хоол унд, үйлчилгээг боломжийн хэмжээнд үзүүлж болохоор л санагдаж байсан. Даанч олон хүмүүс үйлчилгээ, нөхцөл байдалд сэтгэл дундуур байсан.

-Та одоо өөрийгөө яг аль үед халдвар авах эрсдэлд орсон гэж үзэж байгаа вэ. Хаана алдаа гарав?

-Би “Энхсаран” сувилал дотор байхдаа халдвар авсан болов уу гэж таамаглаж байна. Яагаад гэвэл тэнд энд тэндээс ирсэн олон хүмүүс нэг дор тусгаарлагдаж байгаа. Магадгүй, хоолноос юм уу, эсвэл нийтийн халуун усны газраас халдвар авсан байх эрсдэлтэй гэж таамаглаж байна. Хамгийн сонин нь тусгаарлалтад байх хугацаанд гурван удаа шинжилгээ авахад бүгдэд нь сөрөг гарсан мөртлөө дөрөв хоногийн дараа гэртээ ирсэн хойно авсан шинжилгээнээс яагаад Ковид-19 илрэх болов гэдэг асуултыг бүх хүн тавьж байгаа байх. Би ч бас ийм асуултыг өөрөөсөө олон асууж байна. Коронавирусний шинж тэмдэг, халдвар тархалтын хугацаа тэр гэхийн аргагүй хувьсан өөрчлөгдөж байх шиг байна. Тэгэхээр мэргэжлийн байгууллага, эмч нарын дүгнэлтээс бүх зүйл тодорхой болох болов уу гээд хүлээж байгаа.

-Одоо танд ямар эмчилгээ хийж байгаа вэ?

-Өнөөдрөөс (2020.11.11) эмчилгээ хийж эхэлсэн. Өдөртөө хоёр эм, витамин С, хамрын дусаалга хэрэглэж байна. Өдөр цээжээ гэрэлд харуулсан.

-Та эмчилж байгаа эмч нартаа итгэх хэрэгтэй. Манай улсад коронавирусний тохиолдол 380 гаруй бүртгэгдээд байгаа ч өнөөдрийн байдлаар 90 гаруй хувь нь эдгэсэн сайн мэдээ байгаа. Тэгэхээр таныг сэтгэл зүйгээ тайван байлгаарай гэж олон хүний өмнөөс зөвлөж, энэ үгийг дамжуулах хэрэгтэй гэж бодож байна?

-Үнэхээр тийм. Эмч нартаа л итгэж байгаа. Таны хэлсэн тоо, мэдээлэл бидэнд итгэл найдвар төрүүлж байгаа.

-ХӨСҮТ бол халдварт өвчнийг эмчлэх манай гол эмнэлэг шүү дээ. Тиймээс итгэж байж үр дүнтэй, хурдан эмчлүүлэх байх. Таны биед одоо ямар нэгэн зовуурь бол гайгүй байгаа юм байна гэж ойлголоо?

-Одоогоор надад зовуурилах зүйл алга. Хамрын ханиад хүрсэн мэт мэдрэмж л төрж байна. Манай эхнэрийн хувьд ч ялгаагүй, ийм л шинж тэмдэг мэдрэгдэж байна гэсэн. Өдөр цээжний зураг авахуулахад таны уушги жаахан таагүй байна гэж хэлсэн. Би тамхи татдаг учраас уушги таагүй байгаа байх. Би эмч нарынхаа мэдлэг, чадварт итгэж байгаа. Хамгийн гол нь хоёр хүүхдэдээ л маш их санаа зовж байна.

-Монгол Улс даяар Бүх нийтийн бэлэн байдал зарлалаа. Коронавирустэй нүүр тулах нь цаг хугацааны асуудал байсан байж болох ч хүмүүс тодорхой хэмжээнд сандарч тэвдэх, улс даяар зохицуулалт хийх ийм үйл явдал өрнөж байна?

-Миний хамгийн их санаа зовж, сэтгэл өвдөж байгаа зүйл бол энэ. Би ямар ч хүнд өвчин туссанаас илүү улс даяараа ийм байдалд хүрч байгаа нь надад үнэхээр хэцүү байна. Би бүх зүйлийг надад тавьсан шаардлагын дагуу хийж ирсэн. Тэгэх ч үүрэгтэй. Тусгаарлагдаж байх хугацаандаа гурван удаа шинжилгээ өгсөн, бүгд сөрөг гарсан. Ингээд УОК, ХӨСҮТ-ийнхэн намайг тусгаарлалтаас гарч болно, эрүүл гэсэн болохоор би өөрийгөө эрүүл, олон нийт дундаа очиход асуудал, бэрхшээл байхгүй л гэж бодсон. 

-Таныг тусгаарлалтаас гарахад гэртээ дэглэм бариарай гэдэг зөвлөмж өгсөн үү?

-Үгүй. Хэрвээ тийм зөвлөмж өгсөн бол би хайртай хүмүүсээ, гэр бүлээ эрсдэлд оруулахгүйн тулд бүх зөвлөгөөг дагах байсан. Хүнгүй газар өөрийгөө 10 хоног тусгаарлаад гэртээ очих байсан. Эсвэл гэрээсээ огт гарахгүй тусгаарлаад байж чадах байсан. Би үнэхээр өөрийгөө халдвар авсан гэж бодоогүй.

-Олон нийтийн газар тоглолт үзсэн нь буруу зүйл боллоо гэж буруутгах хандлага нийгэмд гарч байгаа?

-Тийм ээ. Арваннэгдүгээр сарын 06-ны өдөр намайг эв эрүүл, сав саруул гэж гурван шинжилгээний хариугаар баталчихаад байхад дөрөв хоногийн дараа вирус илэрлээ гэж гэнэт л хэлсэн. Надад ч ямар нэг зовиур байгаагүй. Анхнаасаа асуудалтай байсан бол би тусгаарлалтаас гарахгүй байж ч болох байсан. Одоо миний хувийн мэдээлэл цахим орчинд маш хурдацтайгаар тархаж байна. Овог нэр, регистрийн дугаар гээд бүх мэдээлэл зурагтайгаа ил гараад явж байгаад хувь хүний хувьд маш их эмзэглэж байна. Намайг нийгэм даяараа үзэн ядаж байгаа болов уу, эндээс эдгээд гарсны дараа хүмүүс хэрхэн хүлээж авах бол гэсэн айдас намайг вирус туссанаас илүү айлгаж байна. Хүмүүс бүрэн эдгээд гарсны дараа юу гэх бол... Үнэхээр хэцүү шүү дээ. Надад яг одоогоор биеийн зовиур бол алга. Сэтгэлийн зовиур л их байна. Цааш нь ингээд ярихад ч хүнд байна.

-Ойлгож байна. Та хүсвэл ингээд ярилцлагыг дуусгаж болно. Эмч нартаа итгээд, сэтгэл санаагаа тайван байлгаж, хурдан эрүүл саруул болоорой..

-Баярлалаа. Монголчууддаа хандаж хэлэхэд, баталгаатай мэдээлэлд итгэх хэрэгтэй, мөн хэвлэлийн ажилтнууд маань иргэдээ зөв мэдээллээр хангаасай гэж хүсэж байна. Би ч бас яг л та бүхнийхээ нэг хэсэг. Энэ аюулт өвчнөөс хол байх юмсан, Монголд маань битгий тараасай гэж бодож, хичээж явсан хүний нэг шүү. Ийм зүйл болсон нь надад маш хүнд байгаа гэдгийг ойлгохыг хичээнгүйлэн хүсэж байна.

Top