Сэлэнгэ аймагт КОРОНАВИРУСНИЙ сэжигтэй тохиолдол илэрлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 11 сарын 12

Улсын Онцгой комисс 20:00 цагаас хуралдаж, хуралдаан дөнгөж сая дууслаа. Хурлаас гаргасан шийдвэрийн талаар яг одоо мэдээлэл хийх гэж байна.

Шадар сайдын ахалж байгаа Ажлын хэсэг хуралдаж, долоон асуудал хэлэлцсэн байна. Үүнд, Хүнсний хангамжийн шуурхай штаб байгуулах, 11 цэгт шинжилгээ авах цэг байгуулах, Цэргийн нэгдсэн эмнэлэгт ор нэмэх, Шуурхай бүлэг Дархан, Сэлэнгийн чиглэлд ажиллах зэрэг асуудлууд багтжээ.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хурлын эхэнд Сэлэнгэ аймагт өнөөдөр КОРОНАВИРУСНИЙ сэжигтэй тохиолдол илэрснийг мэдээллээ. Аймгийн эмнэлгээр үйлчлүүлсэн 74 настай эмэгтэйд халдварын сэжиг илэрсэн бөгөөд эхний хоёр удаагийн шинжилгээний хариу эерэг гарчээ. Тус иргэнийг ХӨСҮТ-д эмчлэхээр авчирч байгаа аж.

Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт өнөөдөр хөл хорио тогтоож, гарах хөдөлгөөнийг хориглон, хавьтал болох хүмүүсийг тусгаарлажээ. 74 настай эмэгтэйд арваннэгдүгээр сарын 6-наас зовиур илэрч, 9-нд эмнэлэгт үзүүлсэн байна. 

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан энэ тохиолдлыг анх илэрсэн ТИР машины тохиолдлоос өөр замаар халдварласан байж болзошгүй гэж мэдэгдсэн. 

“Сэлэнгэ аймгаас илэрсэн 74 настай эмэгтэйн хувьд энэ сарын 06-наас эхэлж шинж тэмдэг илэрсэн байна. Улмаар эмнэлэгт хандахад халдвар илэрсэн. Эхний тохиолдол болох ТИР машины жолоочийн халдвартай холбоогүй шууд болон дам хавьтлын тохиолдол биш байна. Ямар нэгэн байдлаар эхний халдвартай холбоогүй байх магадлалтай гэж үзэн ажиллаж байна” гэж Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан ярьсан юм.  

Тээврийн жолоочоос хойш таван тохиолдол батлагдаад байгаа. Түүний эхнэр, хадам ээж, дүү болон дүүгийн ойрын хавьтлын хоёр хүнээс коронавирус илэрснийг мөн Эрүүл мэндийн сайд албан ёсоор мэдээллээ. 

Тэрбээр "ТИР машины жолоочийн хавьтлуудаас эхлээд эхнэр, ээж, дүү, дүүгийн ойрын хавтлын хоёр хүн гээд нийт зургаан тохиолдол илрээд байна. Коронавирусийн халдвар илэрсэн МУБИС-ийн хоёр оюутны ойрын хавьтлуудыг бүгдийг тогтоож, тусгаарлалтад авсан. Шинжилгээ авах процесс үргэлжилж байна. Одоогийн байдлаар хоёр оюутны ойрын хавьтлын тоо нийлээд 50 орчим хүн болсон. Шинжилгээгээр батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтагчдыг бид шаардлагатай бол тусгаарлах ёстой. Үүн дагуу Баянгол дүүргийн 33 дугаар байранд өнөөдөр албаны хүмүүс очиж ажилласан. Зарим хүн буруу мэдээлэл гаргаж, олон нийтийг төөрөгдөлд оруулах асуудлууд байгаа учраас иргэд зөвхөн Онцгой комисс, ЭМЯ-наас өгч байгаа мэдээлэлд итгэх нь зүйтэй. Бид ойрын хавтал болон 2, 3 дугаар хавьтлуудыг шинжилсний дараа цаашдын нөхцөл байдал хэрхэн өрнөх талаар дүгнэлт хэлж болно" гэсэн юм.

 


ШУУД ҮЗЭХ

 

 


Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар суманд коронавирусний сэжигтэй тохиолдол илэрсэнтэй холбогдуулан Сэлэнгэ аймгийн онцгой комисс мөн мэдээлэл хийлээ. 

Сэлэнгэ аймгийн Засаг дарга, аймгийн онцгой комиссын дарга Ш.Оргилын өгсөн мэдээллээр, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын иргэн, 70 настай Ц ам бүл дөрвүүлээ ба бэр, ач хүүгийн хамт амьдардаг. Түүний хүү нь одоогоор хөдөө ажиллаж байгаа аж.

Тэрбээр 2020 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдрөөс 38 хэм халуурсан, толгой өвдөж, дотор муухайрсан өгүүлэмжтэй өрхийн эмнэлгээр үйлчлүүлжээ. Улмаар энэ сарын 9-ний өдөр аймгийнхаа Нэгдсэн эмнэлгийн эход харуулсан байна.

Иргэн Ц ойролцоогоор 10 хоногийн өмнөөс ханиалгасан байна. Ингээд 12-ний өдөр аймгийн Нэгдсэн эмнэлэгт халуурсан шинжтэй дуудлага өгч 103-ын эмч үзэж, шинжилгээ авахад сэжигтэй байдал илэрсэн. 

Коронавирусний эхний хоёр шинжилгээ нь эерэг гараад буй дээрх өвчтөн энэ сарын 8-нд хүү, бэрийнхээ хамт Дархан-Уул аймаг руу галт тэргээр зорчиж, Оргил төв, бирж, Олон улсын худалдааны төв, Дархан их дэлгүүр ороод өдөртөө Сүхбаатар руу буцсан байна. 

Одоогоор Сэлэнгэ аймгийн онцгой комис сэжигтэй тохиолдлын ойрын болон дам хавьтлын талаар тандалт судалгаа хийж, шинжилгээг түрүүчээс нь нийслэл рүү явуулж эхэлжээ. 

Аймгийн Зооноз өвчин судлалын төвийн халдваргүйжүүлэлтийн баг ажиллаж байна. Хамгийн ойрын хавьтал, дам хавьтлуудыг тогтоохоор аймгийн онцгой комисс тандалт судалгаа хийж, тусгаарлаад байна. 

Сүхбаатар суманд бүхэлдээ хөл хорио тогтоогоод байгаа бөгөөд сэжигтэй тохиолдлыг ХӨСҮТ-д хүргэн ирж байгаа аж. 

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил мөн үүсээд буй нөхцөл байдалд шаардлагатай арга хэмжээг шуурхай авч байгааг хэлээд, хүнсний хомсдол үүсэхгүй, дэлгүүр, супермаркетуудыг тодорхой горим дэглэмээр ажиллуулна гэдгийг мэдэгдлээ. 

Top