Жолоочийн дүүгийн ойрын хавьтлын ХОЁР ХҮНЭЭС ХАЛДВАР илэрчээ

2020 оны 11 сарын 12

Улсын Онцгой комисс 20:00 цагаас хуралдаж, хуралдаан дөнгөж сая дууслаа. Хурлаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ. 

Шадар сайдын ахалж байгаа Ажлын хэсэг хуралдаж, долоон асуудал хэлэлцсэн байна. Үүнд, Хүнсний хангамжийн шуурхай штаб байгуулах, 11 цэгт шинжилгээ авах цэг байгуулах, Цэргийн нэгдсэн эмнэлэгт 500 ор нэмэх, УОК-ын орлогч дарга У.Сайханбаяраар ахлуулсан Шуурхай бүлэг Дархан, Сэлэнгийн чиглэлд ажиллах зэрэг асуудлууд багтжээ. Маргаашаас эхлэн зайлшгүй гарах шаардлагатай иргэд болон ажиллах ёстой газруудын ажилчдаас бусад хүмүүсийг хатуу хөл хорионд байлгах аж. 

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хурлын эхэнд Сэлэнгэ аймагт өнөөдөр КОРОНАВИРУСНИЙ сэжигтэй тохиолдол илэрснийг мэдээллээ. Аймгийн эмнэлгээр үйлчлүүлсэн 74 настай эмэгтэйд халдварын сэжиг илэрсэн бөгөөд эхний хоёр удаагийн шинжилгээний хариу эерэг гарчээ. Тус иргэнийг ХӨСҮТ-д эмчлэхээр авчирч байгаа аж.

Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт өнөөдөр хөл хорио тогтоож, гарах хөдөлгөөнийг хориглон, хавьтал болох хүмүүсийг тусгаарлажээ. 

Тээврийн жолоочоос хойш таван тохиолдол батлагдаад байгаа. Түүний эхнэр, хадам ээж, дүү болон дүүгийн ойрын хавьтлын хоёр хүнээс коронавирус илэрснийг мөн Эрүүл мэндийн сайд албан ёсоор мэдээллээ. 

Тэрбээр "ТИР машины жолоочийн хавьтлуудаас эхлээд эхнэр, ээж, дүү, дүүгийн ойрын хавтлын хоёр хүн гээд нийт зургаан тохиолдол илрээд байна. Коронавирусийн халдвар илэрсэн МУБИС-ийн хоёр оюутны ойрын хавьтлуудыг бүгдийг тогтоож, тусгаарлалтад авсан. Шинжилгээ авах процесс үргэлжилж байна. Одоогийн байдлаар хоёр оюутны ойрын хавьтлын тоо нийлээд 50 орчим хүн болсон. Шинжилгээгээр батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтагчдыг бид шаардлагатай бол тусгаарлах ёстой. Үүн дагуу Баянгол дүүргийн 33 дугаар байранд өнөөдөр албаны хүмүүс очиж ажилласан. Зарим хүн буруу мэдээлэл гаргаж, олон нийтийг төөрөгдөлд оруулах асуудлууд байгаа учраас иргэд зөвхөн Онцгой комисс, ЭМЯ-наас өгч байгаа мэдээлэлд итгэх нь зүйтэй. Бид ойрын хавтал болон 2, 3 дугаар хавьтлуудыг шинжилсний дараа цаашдын нөхцөл байдал хэрхэн өрнөх талаар дүгнэлт хэлж болно" гэсэн юм.

ШУУД ҮЗЭХ
 

 

Top