Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар суманд коронавирусний сэжигтэй тохиолдол илэрсэнтэй холбогдуулан Сэлэнгэ аймгийн онцгой комисс дөнгөж сая мэдээлэл хийлээ. 2020.11.12
Сэлэнгэ аймгийн Засаг дарга, аймгийн онцгой комиссын дарга Ш.Оргилын өгсөн мэдээллээр, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын иргэн, 70 настай Ц ам бүл дөрвүүлээ ба бэр, ач хүүгийн хамт амьдардаг. Түүний хүү нь одоогоор хөдөө ажиллаж байгаа аж.
Тэрбээр 2020 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдрөөс 38 хэм халуурсан, толгой өвдөж, дотор муухайрсан өгүүлэмжтэй өрхийн эмнэлгээр үйлчлүүлжээ. Улмаар энэ сарын 9-ний өдөр аймгийнхаа Нэгдсэн эмнэлгийн эход харуулсан байна.
Иргэн Ц ойролцоогоор 10 хоногийн өмнөөс ханиалгасан байна. Ингээд 12-ний өдөр аймгийн Нэгдсэн эмнэлэгт халуурсан шинжтэй дуудлага өгч 103-ын эмч үзэж, шинжилгээ авахад сэжигтэй байдал илэрсэн.
Коронавирусний эхний хоёр шинжилгээ нь эерэг гараад буй дээрх өвчтөн энэ сарын 8-нд хүү, бэрийнхээ хамт Дархан-Уул аймаг руу галт тэргээр зорчиж, Оргил төв, бирж, Олон улсын худалдааны төв, Дархан их дэлгүүр ороод өдөртөө Сүхбаатар руу буцсан байна.
Одоогоор Сэлэнгэ аймгийн онцгой комис сэжигтэй тохиолдлын ойрын болон дам хавьтлын талаар тандалт судалгаа хийж, шинжилгээг түрүүчээс нь нийслэл рүү явуулж эхэлсэн байна.
Аймгийн Зооноз өвчин судлалын төвийн халдваргүйжүүлэлтийн баг ажиллаж байна. Хамгийн ойрын хавьтал, дам хавьтлуудыг тогтоохоор аймгийн онцгой комисс тандалт судалгаа хийж, тусгаарлаад байна.
Сүхбаатар суманд бүхэлдээ хөл хорио тогтоогоод байгаа бөгөөд сэжигтэй тохиолдлыг ХӨСҮТ-д хүргэж байгаа юм байна.
Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил мөн үүсээд буй нөхцөл байдалд шаардлагатай арга хэмжээг шуурхай авч байгааг хэлээд, хүнсний хомсдол үүсэхгүй, дэлгүүр, супермаркетуудыг тодорхой горим дэглэмээр ажиллуулна гэдгийг мэдэгдлээ.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан энэ тохиолдлыг анх илэрсэн ТИР машины тохиолдлоос өөр замаар халдварласан байж болзошгүй гэж мэдээлсэн.
Тэрбээр “Сэлэнгэ аймгаас илэрсэн 74 настай эмэгтэйн хувьд энэ сарын 06-наас эхэлж шинж тэмдэг илэрсэн байна. Улмаар эмнэлэгт хандахад халдвар илэрсэн. Эхний тохиолдол болох ТИР машины жолоочийн халдвартай холбоогүй шууд болон дам хавьтлын тохиолдол биш байна. Ямар нэгэн байдлаар эхний халдвартай холбоогүй байх магадлалтай гэж үзэн ажиллаж байна” гэсэн юм.