Ш.Оргил: Иргэн Ц-ийн ойрын хавьтлуудыг тусгаарлаж, сорьц авсан

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 12

Сэлэнгэ аймагт Коронавирусний сэжигтэй тохиолдол илэрсэнтэй холбогдуулан Сэлэнгэ аймгийн Засаг дарга, Аймгийн онцгой комиссын дарга Ш.Оргилтой утсаар холбогдлоо.


-Сэлэнгэ аймагт бүртгэгдсэн сэжигтэй тохиолдлын явсан маршрут, зураглалыг гаргасан уу? Эмнэлгийн байгууллагаар олон хоног үйлчлүүлсэн талаар яригдаж байна. 

-Сүхбаатар сумын Баян 4-р багийн иргэн 70 настай иргэн Ц нийт 10 хоногийн өмнөөс эхэлж ханиалгасан тухай мэдээлсэн. 11 дүгээр сарын 12-ний өдөр халуураад 103-ийн эмчид үзүүлэхэд сэжигтэй байдал илэрч, аймгийн эмнэлэгт авсан PCR шинжилгээгээр нийт хоёр удаа эерэг гэсэн хариу гарсан. Одоо ХӨСҮТ рүү хүргэж байна. Тэнд дахин оношийг баталгаажуулах шинжилгээ авна.

-Иргэн Ц Дархан хот руу явсан гэж аймгийн онцгой комисс мэдээлсэн. Яг хаагуур явсан бэ? Дарханд ямар арга хэмжээ авч байна вэ?

-Иргэн Ц бэр, хүүгийн хамт 11 дүгээр сарын 08-ны өдөр Дархан хот руу вагоноор явж, Оргил төв, бирж, Олон улсын худалдааны төв, Дархан их дэлгүүр ороод өдөртөө Сүхбаатарт буцаж ирсэн гэж мэдүүлсэн. Аймгийн Зооноз өвчин судлалын төвийн халдваргүйжүүлэлтийн баг ажиллаж байна. 

-Хаанаас халдвар авсан байж болох вэ? Хавьтагч олон байна уу?

-Үүнийг тогтоохоор тандалт  судалгаа хийж ажиллаж байна. Хамгийн ойрын хавьтлуудыг тогтоож сорьц авсан. Дам хавьтлуудыг тогтоохоор аймгийн онцгой комисс тандалт судалгаа хийж байна. Мөн Улаанбаатар хотоос дөнгөж сая УОК-ийн орлогч дарга, Батлан хамгаалахын сайд У.Сайханбаяр Сэлэнгэ аймагт ирж ажиллахаар хөдөллөө.

-Аймгийн хэмжээнд яг одоо ямар арга хэмжээ авч байна вэ? Ямар хүндрэл байна вэ?

-Сүхбаатар сум, Алтанбулаг суманд бүхэлд нь хөл хорио тогтоож, иргэдийн хөдөлгөөнийг бүрэн хаасан байна. Тандалт дуустал нээхгүй. Мөн сэжигтэй тохиолдлын үйлчлүүлсэн аймгийн Нэгдсэн эмнэлэгт хөл хорио тогтоон, тандалт явуулж байна. Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан иргэд та бүхнийг өөрсдийгөө тусгаарлаж, маскаа байнга зүүж, Эрүүл мэндийн байгууллагуудын заавар, зөвлөмжийг дагаж мөрдөн, хариуцлагатай байхыг анхааруулж байна.

-Хотод батлагдсан тээврийн жолооч Б-тэй "Хархан нүдэн" тоглолт дээр хавьтал болсон Сэлэнгэ аймгийн иргэдийн шинжилгээний хариу бүгд гарсан уу?

-Тухайн тоглолтыг үзсэн Баянгол сумын 25 иргэний шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан. 

-Сэжигтэй тохиолдол илэрсэн иргэн хотод эмчлэгдэж байгаа тээврийн жолоочтой хамааралтай юу?

-Хамааралгүй. 

Top